НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Иймд энэ сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол хэрэгжиж эхэлсэн. Ийнхүү сар бүрийн 01-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох аж.
Нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх;
- Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх;
- Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх. /2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс/
- Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
- Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс/
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.
- Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
- Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
- Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
- Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
- Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх.
- Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх;
- Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.
Сэтгэгдэл (1)