Боловсролын сайдын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/1580 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн сурах бичгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд 2024 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд хамтран ажиллаж, сурах бичгийн хүрэлцээ хангамж, төлбөр тооцооллын талаар судалгаа, тооцооллоо нэгтгэлээ.
Засгийн газрын 2019 оны 98 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичиг төлбөртэй ашиглуулах, сурах бичгийг төлбөртэй ашигласнаас олох орлогыг дунд, ахлах ангийн сурах бичгийн эх бэлтгэх, хэвлэн нийлүүлэх, төлбөртэй ашиглуулах үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэхийг заасан.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны “Журам батлах тухай” А/302 дугаар тушаал гарч, А/624 дүгээр тушаал, 2023 оны А/392 дугаар тушаалаар тус тус түрээсийн сурах бичгийн төлбөрийн хэмжээг тогтоож, сурах бичиг төлбөртэй ашигласны төлбөрийг Төв төрийн сан дахь “СБТТогтолцоо-Эргэлтийн сан”-ийн дансанд төвлөрүүлэхээр тусгасан.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалтаар дунд, ахлах ангийн сурагчид сурах бичиг худалдан авах боломжийг нээсэн. 2022 оноос эхлэн сурах бичгийн бүртгэл, хяналтын системийг нэвтрүүлж, сурах бичгийн түгээлтийг мэргэжлийн компани сургууль нэг бүрд хүргэдэг болсон.