Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих ангид давж заалдах шатны шүүх хурлаа нээлттэй явуулахыг шаардаж, 48 цагийн турш өлсгөлөн зарлаад байгаа. Түүний ар гэрийнхэн өчигдөр хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлаж, ээж нь хасах хэмд гадаа хоносон.
Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа "Аав нь хэд хоног эмнэлэгт хэвтсэн, уймраад даралт нь ихсээд эм хэд хэд давхарлан ууж байж зүгээр болж байгаа болохоор ирж чадаагүй. Охиныхоо төлөө би энд сууж байна. Миний охины давж заалдах хурал 17-нд болно. Шүүх хурлыг хаалттай хийх юм байна. Шүүх хурлыг нээлттэй явуулмаар байна. Хүмүүс уг нь их дэмжиж байна, ард түмэндээ баярлалаа" гэв.
Мөн түүний ар гэрийнхэн "Хэдэн өдөр ч хамаагүй сууна. Ялнаас нь хөнгөлөөд өг гэсэн зүйл байхгүй. Шүүх хурлаа нээлттэй явуулаад өгөөсэй л гэж хүсэж байна. Хүмүүсийн эргэлзээг тайлаад өгөөсэй. Ямар хэргээр ял өгсөн нь мэдэгдэхгүй байна шүү дээ. Өлсгөлөн зарлаж байгаа Н.Өнөрцэцэгийн хажууд бидний сууж байгаа нь юу ч биш. Өмгөөлөгч ч үгүй шүүчихээд яах нь мэдэгдэхгүй байх юм. Охин минь өлсгөлөн зарлачихаад байхад би гэртээ юу хийж хэвтэх вэ гээд ээж минь энд хононо гээд байна. Уушгины архаг бөглөрөл оноштой аав минь энд ирвэл улам л дордоно" гэж байлаа.