Бие даалтын долоо хоногт Боловсролын яам, Эрүүл мэндийн яамт хамтран зохион байгуулж буй 6 настны нүд, шүд, зүрх судасны эрт илрүүлгийн үзлэгийн явцтай Боловсролын сайд П.Наранбаяр танилцлаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль 1 дүгээр ангийн зургаан бүлгийн 250 сурагчтай бөгөөд өчигдөр эхний ээлжийн 80 сурагчид амны хөндий, зүрх судасны үзлэг хийж эхэлжээ. Эрт илрүүлэгт хамруулахдаа эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр үзлэг хийхээс гадна хүүхдүүдэд амны хөндийгөө арчлах, шүдээ зөв угаах зэрэг эрүүл дадал хэвшлийн талаар заан, зөвлөж байгаа юм.
Бусад сургууль ч мөн үзлэгээ үе шаттай эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 34 сургууль хараа шалгах үзлэгийн мэдээллээ eruulhuuhed.mn системд оруулсан байна.
Нийт 3191 сурагч харааны үзлэгт хамрагдсанаас 1133 буюу 35.5 хувь нь харааны эрүүл мэндийн асуудалтай, нарийн мэргэжлийн эмчид илгээх шаардлагатай гэжээ. Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн эрүүл мэндийн хяналт, тандалт, эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх замаар хүүхдийн эрүүл мэндийг цогцоор дэмжихийг зорьж байна.