“Монголын орон сууцжуулалтын ирээдүй” олон улсын форумын үеэр бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна. Тус форумыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банктай хамтран зохион байгуулж байна. Форумд хот төлөвлөлт орон сууцны бодлогыг хэрэгжүүлэгчид, олон улсын байгууллагын төлөөлөл, банк санхүүгийн салбарынхан оролцож буй.
Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2025 онд 1.2 их наяд төгрөгт хүргэх бөгөөд жил бүр тус эх үүсвэрийг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2028 он гэхэд 60 мянган айл өрхийг ипотекийн зээлд хамруулна.
Мөн ипотекийн зээлийн 50-аас дээш хувийг орон нутагт олгохоор төлөвлөж байна. Ирэх 4 жилд 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулна.
Монголын Ногоон Санхүүгийн Корпорацтай хамтран олон улсын санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт босгож, амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгох, дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн өрхөд төрөөс 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн юм.
Мөн Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг орон сууцжуулах талаар дараах тодорхой зорилтуудыг тусгажээ.
- Үндэсний баялагийн сангаар дамжуулан орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх;
- Ипотекийн зээлийг өрхийн орлогын түвшинтэй уялдуулах;
- Үндэсний орон сууцны корпораци байгуулж, орон сууцжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх;
- Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
- Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцыг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл, урамшуулалын механизмийг нэвтрүүлэх;
- Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор “Шинэ зуунмод”, “Шинэ Хархорум” зэрэг хотуудыг шинээр байгуулах,
- Аймаг, сум, орон нутагт орон сууцжуулалтын үйл ажиллагааг бодлогоор дэмжих зэрэг болно.
Сэтгэгдэл (1)