Жил бүрийн аравдугаар сарын 25-ны өдрийг Хулан хамгаалах өдөр болгох тушаалыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа гаргажээ.
Дэлхий дээрх хулангийн нийт тархац, нөөцийн 80 гаруй хувь нь Монгол оронд байдаг. Монгол орны хулан нэг жилд 70 мянган км.кв хүртэлх нутгийг хамарч нүүдэллэдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний зайгаараа хуурай газрын амьтад дотроос дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Монгол орны 262 мянган км квадрат газар нутагт 90 мянга орчим хулан байгаа боловч энэ нь түүхэн тархцын 20 орчим хувь аж. Сүүлийн жилүүдэд хамгааллын олон талт үйл ажиллагааны хүрээнд тоо толгой нь өсөх хандлагатай болжээ. Хулан нь говь цөлийн экосистемд маш чухал ач холбогдолтой амьтан бөгөөд хулан байгаа газар ус бий гэж үздэг байна.
Одоогоор амьтны улаан дансны үнэлгээг шинэчлэхээс гадна олон улсад хулан адуу хамгаалах төлөвлөгөө боловсруулахад саналаа тусгаж, хулан хамгаалах үндэсний хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар ажиллаж байгаа аж. Цаашид энэ өдөрт орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын анхаарал хандуулах, олон улсад таниулах ажлыг хийхээр зэхэж байгааг С.Одонтуяа сайд хэлэв.
Сэтгэгдэл (2)