Цоохор ирвэс нь өндөр уулын байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэй зохицуулагч амьтан юм. Тиймээс уг амьтныг хайрлан хамгаалах чиглэлд олон төрлийн үйл ажиллагааг төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийж байна.
Энэ жил ирвэс хамгаалах олон улсын өдрөөр нийгмийн сүлжээг ашиглан хүүхэд залуус, олон нийтэд мэдлэг ойлголт өгөх ажлыг зохион байгуулж байна.
Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын дарга "Говь-Алтай аймагт нэн ховор амьтдын өлгий нутаг. Тэдгээрийн нэг нь ирвэс юм. Ирвэс Алтайн нуруунд олноороо амьдардаг. Сүүлийн жилүүдэд эдгээр амьтдыг хамгаалах олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Үүнээс гадна улс, орон нутгийн төсөлт нэлээдгүй хөрөнгө суугдсан. Ирвэсийг хамгаалах олон төрлийн ажлууд хийгдсэнээр хууль бусаар агнах зөрчлүүдийг арилгаж чадсан. Манай аймгийн хувьд олон тооны камер суурилуулж, тооллого, судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа. Мөн хүзүүвчлэх, байршлыг нь тогтоох, суурьшлыг нь хянах зэрэг ажлуудыг хийдэг. Говь-Алтай аймгийн нутагт 100 гаруй ирвэс тархан амьдарч байна" гэв.
Л.Баяр