Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд Олон улсын байгууллага үүсгэн байгуулах асуудлаархи Нэгдсэн Үндэстнүүдийн бага хурлын төгсгөлийн хуралдаан дээр 1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сан Франциско хотноо гарын үсэг зурж, уг дүрэм 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Олон улсын шүүхийн дүрэм нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн бүрэлдэхүүн хэсэг мөн.
Дүрмийн 23, 27, 61 дүгээр зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлт нь 1963 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий Ассамблейгаар батлагдаж, 1965 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон. 61 дүгээр зүйлд хожим оруулсан нэмэлт өөрчлөлт нь 1971 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий Ассамблейгаар батлагдаж, 1973 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон.
109 дүгээр зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлт нь 1965 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий Ассамблейгаар батлагдаж, 1968 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон. 23 дугаар зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөж, гишүүдийн тоог арван нэг байсныг арван тав болгосон. Нэмэлт өөрчлөлт оруулсан 27 дугаар зүйл ёсоор Аюулгүйн Зөвлөлөөс гаргах шийдвэр нь дэгийн асуудлаар есөн гишүүн (хуучин долоо байсан), бусад бүх асуудлаар Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүнийг оролцуулан нийт есөн гишүүн (хуучин долоо байсан) тус тус дэмжих санал өгвөл хүчин төгөлдөр болно.
61 дүгээр зүйлийн 1965 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүдийн тоог арван наймаас хорин долоо болгон нэмэгдүүлсэн. Тэрхүү зүйлийн 1973 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон дараагийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Зөвлөлийн гишүүдийн уг тоог тавин дөрөв болгон нэмсэн.
109 дүгээр зүйлийн эхний хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу, дүрмийг хянан үзэх зорилго бүхий гишүүн улсуудын Ерөнхий бага хурлыг Ерөнхий Ассамблейн гишүүдийн гуравны хоёр болон Аюулгүйн Зөвлөлийн аль ч есөн гишүүний (хуучин долоо байсан) саналаар тогтоон товлосон газар, хугацаанд хийж болно. Дүрмийг хянан үзэх бага хурал хуралдуулах асуудлыг Ерөнхий Ассамблейн ээлжит аравдугаар чуулганаар хэлэлцэх тухай дүрмийн 109 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл 1955 онд авч хэлэлцээд уг 3 дахь хэсгийн "Аюулгүйн Зөвлөлийн аль ч долоон гишүүний саналаар" гэсэн анхны томъёоллыг хэвээр үлдээсэн болно.