Өнөөдөр олон улсын ирвэс хамгаалах өдөр тохиож байна. Бишкект 2013 онд болсон Ирвэс хамгаалах дэлхийн форумын үеэр жил бүрийн аравдугаар сарын 23-ныг “Ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Харин манай улс 2014 оноос энэхүү өдрийг тэмдэглэж, 10 жилийг ардаа орхисон байна.
Ирвэс бол мийнхэн овгийн амьтдаас хамгийн бага судлагдсан, хамгийн хүнд нөхцөлд амьдардаг, Дэлхийн Улаан номд багтсан маш ховор амьтан юм. Одоогоор дэлхийд 4000 ирвэс байгаа нь Хятад, Афганистан, Бутан, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Монгол, Балба, ОХУ, Пакистан, Тажикистан, Узбекистан улсад байна. Энэ бүх оронд ирвэсийг Төв Азийн хүч чадлын бэлгэ тэмдэг гэж үзэн, баригдашгүй араатан хэмээн домог ярианд дурдсан байдаг.
Монголд 1000 орчим цоохор ирвэс Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Саяны нурууг дамнан ойролцоогоор 328 мянган км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа нь тодорхой болсон агаад дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь гаруй манай улсад бий.
Ирвэс хамгаалах өдрийг дэлхийн улс орнуудад ирвэсийн сэдвээр үзэсгэлэн, хурал, сургалт зохион байгуулж, баримтат кино үзүүлэн, спорт, урлагийн алдартнууд ирвэс хамгаалахыг уриалдаг билээ.
Цоохор ирвэсийн тухай сонирхолтой 15 баримтыг хүргэж байна.
Монгол Улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.
- Цоохор ирвэс Төв Азийн 12 оронд тархан нутагшсан.
- Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг.
- Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.
- Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.
- Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
- Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.
- 14 метр хүртэл хол үсрэх чадвартай.
- Цоохор ирвэс 10-13 жил насалдаг.
- Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.
- Гинс дунджаар 4 сар хээлээ тээдэг.
- Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.
- Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.
- Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.
- Цоохор ирвэсийн толбо хүний хурууны хээ шиг бодгаль бүрээр өөр байдаг аж.