Гадаа хүйтэрч галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордсон тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Улаанбаатар хотын утааны асуудал 2000 оноос эхлэлтэй. 24 дэх жилтэйгээ золгосон тус асуудлын шийдлийг өнөөдөр ч олоогүй л явна. Уг нь бид сайжруулсан шахмал түлш хэрэглээд дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа юм. Гэсэн ч шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш угаарын хийн хордлого, нас баралтын тоо буурахгүй, өссөн хэвээр байна. Үүнээс үүдэн цахим сүлжээгээр барьцалдуулагч бодис химийн орц найрлагатай гэх мэт мэдээллүүд ч одоог хүртэл гарсаар буй.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2-80 насны 25 хүн угаартсан гэх мэдээлэл нийгмийн сэтгэлзүйг эмзэглүүлж буй. Дүн өвлийн хүйтэн эхлээгүй аравдугаар сарын хоёрхон өдөр ийм тохиолдол гарсан нь сэтгэл эмзэглүүлэм.
Энэ жилийн тухайд он гарснаас хойш эхний долоон сарын байдлаар 1.478 иргэн угаарын хийн хордлогод өртжээ. Үүнээс эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч буцсан 1.275, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эдгэрсэн 172, нас барсан 31 тохиолдол бүртгэгдсэн байна.
Харин өнгөрсөн гурван жилийн нэг жилд нь гэхэд 10000 гаруй хүн угаарын хийн хордлогоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал, 2023 онд 679 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байна. Үүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буцсан 2209, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эдгэрч гарсан 413, нас барсан 57 тохиолдол бүртгэгджээ. Үүнийг 2019, 2020 онтой харьцуулахад угаарын хийн хордлогын улмаас нас баралтын тоо 20-30 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм.
Угаарын талаар ирж байгаа дуудлага мэдээллээс харахад 30 гаруй хувь нь дохиоллоо салгаснаас болж угаартдаг байна. Өнөөдрийн байдлаар 50 гаруй мянган өрх ямар ч хяналтгүй буюу угаарын хий мэдрэгчгүй байгаа аж. Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй учир ганц аврал нь угаарын хий мэдрэгч юм.
Агаарын бохирдлын хор уршгийг хүртэгч, хамгийн их “хохирогч” нь хүүхдүүд юм. Энэ үед тав хүртэлх насны хүүхэд ихээр өвчилж байгаа нь хүүхдийн цээжний хэнхэрцэг, өрцний сул хөгжилтэй холбоотой аж. Үүгээр зогсохгүй, 10000 хүнд ноогдох өвчлөлийн зонхилох ангилалд амьсгалын тогтолцоо, зүрх судасны өвчлөл багтдаг. Хүйтний улиралд агаарын бохирдлын улмаас уушгины үрэвсэл, багтраа, астма, уушгины архаг бөглөрөлт, хатгалгаа сэдэрдэг байна.
Иймд дохиоллоо 24/7 ажиллуулах, яндангийн хөөлт болон сойлтыг цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг шалгах, галлагаа хийхдээ анхаарах нь угаарын хийн хордлогоос өөрийгөө болон бусдыг хамгаалж буйн илэрхийлэл аж.
Иймд иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэе
1. Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
2. Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
3. Хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлөх (яг одоо)
4. Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх
5. Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх
6. Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх
7. Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшинг шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
8. Галлагаа хийсэн бол янданг сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)