Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ хугацаанд хоёр улс он цагийн түүхэн нугачаа, сорилт бүхнийг хамтдаа туулж, мөр зэрэгцэн урагшилсаар эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, өргөжин хөгжиж байгааг Ерөнхий сайд онцлоод уламжлалт харилцаагаа улам бататгаж, ирэх жилүүдэд илүү эрчимтэй өрнөх харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ замаа тодорхойлох учиртай гэдгийг тэмдэглэлээ. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзахдаа хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17 тэрбум ам.долларт хүрсэн нь талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн гэлээ.