2024 оны аравдугаар сар. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хэлснээр "Өвөл болох нь тодорхой" болж өнгөрсөн амралтын өдрүүдэд цас ч орлоо. Нийслэлд цас орно гэдгийг ухаалаг утастай хэн бүхэн урьдчилаад харсан ч нэг л хүн цаг агаарын урьдчилсан мэдээ харах сөхөөгүй ажиллажээ. Тэр эрхэм бол Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр.
Тухайлбал, өнгөрсөн баасан гаргийн оройноос Энхтайвны гүүрнээс тэмээтэй хөшөө хүртэлх замыг хаасан. Гурван өдөр тус гүүрний завсарын ажлыг хийх ёстой байсан ч хучилт хийх явцад алдаа гарчээ. Үүнтэй зэрэгцэн нийслэлд цас орсноор зам засварын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон аж. Ийнхүү зам засах нэрийдлээр цаг хугацаа алдаж, алдаатай замаа иргэддээ буцаав.
Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын хэлснээр зам дээр түгжирч, үүндээ ч дадсан иргэд нь дахиад Энхтайвны гүүр орчмыг хаалгаад зам засуулах юм гэнэ.
Тэрбээр "Цас орж дуусаад замын гадаргуу хуурай болсон үед дахин засварын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна" гэсэн юм. Мөн зам засварын ажлыг гүйцэтгэсэн компанийн зүгээс ирэх долоо хоногт зам засварыг үргэлжүүлэх боломжтой. Хэрэв нийслэлээс зөвшөөрөхгүй бол дулааны улиралд хийнэ гэх тайлбарыг өгөөд буй.
Мөн дулааны улиралд эрчимжээгүй зам засварын ажил намрын өдрүүдэд эрчээ авсныг түгжрэлд цагаа зарцуулдаг хэн бүхэн мэдэх биз ээ. Ингэхдээ шөнийн цагаар бус өдрийн цагаар зам засварын ажлаа хийсэн нь иргэдийг багагүй бухимдуулсан.
Тэгвэл саяхан л "агаарын хэм хасах градус руу орсон тул зам засварын ажлыг шөнийн цагаар хийх боломжгүй болсон. Иймд өдрийн цагаар хийхээс өөрцгүй" хэмээн ярьж зогссон Б.Одбаяр дарга Энхтайвны гүүр ормын зам засварын ажлыг шөнийн цагаар хийжээ.
Уг нь өдөр шөнийг, нэмэх хасах хэмийг ялгахгүй болтлоо зам засаагүй л баймаар... Ийнхүү үргүй зардал гаргаж, ажлыг хоёр удаа хийхээр болсон нь цаг агаарын урьдчилсан мэдээг хараагүйн буруу гэвэл арай хэтийдэх болов уу. Гэсэн ч зам засварын ажил бол дөрвөн улиралд хийгддэг ажил биш учир хамгийн эхэнд цаг агаарын урьдчилсан мэдээг харах нь зүйн хэрэг шүү дээ.