Бид үргэлж л мууг нь ярьдаг болохоос сайхан зүйл энэ хотод бий. Гэхдээ тэр сайхныг муухай нь бага багаар залгисаар буй. Хэдхэн хоногийн дараа манай хотын түүх 385 жилийн ой болно. 385 жилийн нүүрийг үзэхдээ энэ хот барилгажсан бас балгасжсан. Зарим дурсамжууд үгүй болж, хүний гараар бүтээсэн Улаанбаатарын ой санамж баларсан. Дурдъя л даа, Байгалийн түүхийн музей, МУИС-ийн хичээлийн III байр гэх мэтээр цааш хөвөрнө. Байгалийн түүхийн музейгийн архитектурыг хадгалан үлдээх талаар зарим нь ярьж байсан ч, бүр мөсөн өөрчилж өдгөө Чингисийн музей сүндэрлэсэн юм даа.
Одоо дагуул хот, метро гээд л их бүтээн байгуулалтын он цаг эхэлж байна гэсэн биз. Үүнтэй уралдаад хотын хүн ам ч өссөөр байх болно. Барилга барьж, гэр хорооллоосоо салтал өн удна. Тэр хооронд иргэдийнх нь ихэнх нь стрессээс үүдэлтэй архаг ядаргаа, сэтгэл санааны гүн хямралд орчихсон байх биз. Өнөөдөр ч нөхцөл байдал ийм л байгаа.
Нийслэл хотод түгжрэл, утаа, автобус, зам, эрчим зэргээр цааш хөврөх асуудал мундахгүй. Энд иргэдийг бухимдуулахгүй зүйл үгүй. Жил жилийн өвлөөр л энэ бүхэн ахин дахин давтагдана. Зундаа живчих гээд өвөлдөө нийтийн тээврээ хүлээж осгочих гээд, халтирч унаад бэртчих гээд, машинтайгаа гулгаад буруутан болчих гээд л.
Эрүүл бас аюулгүй амьдрах боломж улам хумигдсаар. Явган хүний замаар алхах гэж хэдэн мянган уул толгодыг дамжсан мэт цуцна. Уруудахдаа нисэж мэднэ. Ийм амьдралд стрессгүй монгол хүн гэж үгүй. Стресстэхгүй байвал тэр л хамгийн гайхалтай хүн.
Гудамж бүрдээ гулсууртай Улаанбаатарт өвлийн саруудыг "яаж давна даа" гэсэн бодол л мөрөөдөл хүслийн урдуур дайран орж ирнэ. Хэрхэн халтирахгүй байх вэ, хэрхэн унаандаа багтах вэ, хэдэн цагт гарвал түгжрэлээс түрүүлж алхах вэ л гэж ухаанаа уралдуулж байна шүү дээ.Бидний хот бол аль ч улиралд "УЛААН-БАРТААТ" билээ.
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд бүх зүйл эсрэгээрээ. Явган хүний зам бол гэртээ хүрэхийн төлөө туулах ёстой там. Өвдөгөө нугалж, оцон шувуу шиг алхаад ч нэмэргүй. Түүгээр явснаас машин замын хашилгад хунгарласан цасан дээгүүр алхчихвал бүрэн бүтэн харьж мэдэх юм. Өглөөнөөс орой хүртэл ТҮК-ийн ажилчид шүүрнээсээ цас будруулан ажиллана.
385 жилийн хугацаанд гавьсан зүйл нь жам ёсны хөгжил. Түүнээс цааш болсон зүйл үгүй. Хаана ч хүрээд дуусаж мэдэх мухар зам, хаанаас ч гарч ирээд залгиж мэдэх дүрэм журамгүй улс.
М.Жаргал