Цагдаагийн ерөнхий газраас 2022 оноос хэрэгжүүлж буй “Ногоон бүс” төсөл буюу камержуулалт, камерын хяналтаар илрүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар болон уг төслийн хэрэгжилтийн үйл явцын талаар мэдээлэв.
Цагдаагийн байгууллага иргэд олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт олон улсын стандартад нийцсэн камержуулах “Ногоон бүс” төслийг 2022 оноос гурван үе шаттай хэрэгжүүлжээ. Нэгдүгээр шатны хэрэгжилтийн үр дүнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн дуудлага мэдээлэл 48.6, гудамж, талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.
Хоёрдугаар шатны хэрэгжүүлэлтийн үр дүнд нийслэлийн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 12 хороог сонгон авч, камержуулжээ.
Харин гуравдугаар үе шатыг 2024 онд багтаан хэрэгжүүлж байна. Ингэхдээ Монгол Улсын аймаг, нийслэлийн бүх баг, хороо, сум, дүүргийг камержуулах зорилт тавьсан байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 55319 камер байршуулж, ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн "ЦЕГ хяналтын камерын нэгдсэн системтэй болсон, үүгээрээ дамжуулан хяналт, шалгалт хийж байгаа. Тодруулбал, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хэрэглэдэг NX, IRX үйлдлийн системийг ашиглаж байна" гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр мэдээллээ.
2024 оны эхний есөн сарын байдлаар хяналтын камерын тусламжтайгаар 1652 гэмт хэрэг илрүүлсний 525-ыг үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Мөн 8393 зөрчлийн 878-ыг нь үйлдэл дээр таслан зогсоосон байна. Түүнчлэн, оршин суугаа газраасаа алга болсон, төөрсөн 200 хүүхдийг камерын тусламжтайгаар олж тогтоосон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд камержуулалтын ажил 73.2 хувьтай байна.