Нэрт математикч, Филдсийн шагналт, профессор Ефим Исаакович Зельмановт “МУИС-ийн Хүндэт доктор” цол олгох ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа 2024 оны аравдугаар сарын 08-ны өдөр МУИС-ийн Эрдмийн их танхимд боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд МУИС-ийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд, Монголын математикчид, оюутан залуусын төлөөлөл оролцож, МУИС-ийн “Хүндэт доктор” Е.И.Зельманов хүндэтгэлийн лекц уншив.
Дэлхийн математикийн шинжлэх ухаанд оруулсан үнэт хувь нэмэр, нээлт, бүтээл туурвилыг үнэлэн Зөвлөлт-Америкийн нэрт математикч, профессор Е.И.Зельмановт “МУИС-ийн Хүндэт доктор” цол олгохоор МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс шийдвэрлэсэн билээ.
Е.И.Зельманов нь ассоциатив бус алгебр болон бүлгийн онолын комбинаторик бодлого, түүний дотор хязгаарлалттай Бернсайдын асуудлыг шийдсэн гэдгээрээ алдартай бөгөөд 1994 онд Цюрих хотноо болсон Олон улсын математикчдийн конгрессын үеэр Филдсийн медалиар шагнагджээ.
Тэрбээр АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академи, Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академи, Америкийн Математикийн Нийгэмлэг, Солонгосын Шинжлэх ухаан, Инженерийн Академи, Испанийн Хааны Шинжлэх Ухааны Академи, Бразилийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн, ХБНГУ-ын Хагены Их Сургууль, Канадын Альбертагийн Их Сургууль, Украйны Тарас Шевченкогийн нэрэмжит Киевийн Үндэсний Их Сургууль, Испанийн Сантандер дахь Олон улсын Менендес Пелайо их сургууль болон Их Британийн Линкольн их сургуулийн Хүндэт доктор, Филдсийн медаль, Андре Айзенштадтын шагнал, Францын коллежийн медалиар шагнагдсан Дэлхийн нэрт математикчдын нэг ажээ.
Сэтгэгдэл (2)