Өнөөдөр дэлхийн “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” тохиож байна. Тус өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд тулгараад буй нас баралтын томоохон шалтгаануудын нэг нь амиа хорлолт.
ДЭМБ-ын 2022 онд гаргасан тайлангаар 10-19 насны долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэх дүн гарчээ. Мөн 15-24 насныхны нас баралтын дөрөв дэх шалтгаан нь амиа хорлолт байгаа юм. Өсвөр насныхныг өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж буй тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт болон зан үйлийн эмгэг байгааг тайланд дурджээ.
Харин манай улсын хувьд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн хийхэд 13-17 насны өсвөр үеийнхний 23 хувь нь амиа хорлох талаар бодож, 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн байна.