Ирэх 11 дүгээр сараас айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж эхэлнэ. Ингэхдээ өрхийн шөнийн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-100 хувиар хөнгөлнө.
Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр, энэ жил 189 мянга орчим айл цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах тооцоо гарчээ. Тооцоонд үндэслэн Улсын төсөлд 30.5 тэрбум төгрөгийг тусгасан аж.
Тухайн хэрэглэгч хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, хоёр тарифт тоолууртай байх ёстой журамд тусгасан байдаг. Цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ.
Л.Баяр