Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Өвөрхангай аймагт ажилласан. Энэ үеэрээ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөснийг Шадар сайд онцлоод, “Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл цаашид ч дэлхий нийтээр өсөн нэмэгдэх судалгаа тооцоолол гарсан.
Иймд хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэж байж гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулах асуудал нэн чухал учраас Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа. 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг малчдад олгохоор төлөвлөсөн.
Цаашид Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татах чиглэлд анхаарч, зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байгаа талаар дурджээ.