Гадаадын иргэн, харьяатын газраас “Монгол Улсын цагаачлалын салбарын цахим шилжилт” уулзалт зохион байгуулжээ.
Өнгөрсөн сарын 10-наас визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдсэн юм.
Тодруулбал, ГИХГ-аас олгож байгаа нийт 54 ангиллын визийг цахимаар олгох Засгийн Газрын шийдвэр гараад хэрэгжүүлж байна. Монголд зорчин хөрөнгө оруулалт хийх, хөдөлмөр эрхлэх, суралцах гэж буй оюутнууд, гэр бүлийн шугамаар ирж байгаа зэрэг 54 ангиллын визийг цахимаар мэдүүлээд хариугаа цахимаар авдаг үйл явц руу шилжсэн.
2021 оноос хойш аялал жуулчлалын, дамжин өнгөрөх, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох визийг цахимаар олгож ирсэн байна. Уг тоон үзүүлэлт жилээс жилд өсөж байгаа аж. 2023 онд аяллын зорилгоор 36 мянган иргэн цахим виз авч байсан бол энэ жилийн аравдугаар сарын байдлаар 74 мянга болж өсжээ.