Хотын дарга, Түгжрэлийн сайдын ярьж буйгаар нэг л өглөө босоод бид ажил, гэр рүүгээ алхаж эсвэл дугуйгаар явах юм байх. Түгжрэлийн сайдаар томилогдсон Р.Эрдэнэбүрэнгийн "саржин" бодож олсон ажил нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт. Ямар ч төлөвлөгөө, санаачлагагүй албан тушаалын нэр зүүж, үүрэг өгөгчөөс хэтрэхгүй нь. Түгжрэлийн сайдын ухаан бодлыг л түгжрэлээс гаргамаар байна. "Эцсийн удаа" гэдэг эмгэнэлт драмын үг сонсоод сурчихсан энэ хотын иргэдэд даанч шинэ зүйл биш байлаа. Бүр хотын даргын санаачилгаараа авч ирсэн "далайн устай хувин"-аас өргөлцөх гэж байгаад гар, хуруугаа дүрэх юм. Тэгш, сондгойгоор зорчуулах "гайхамшигт нээлт, агуу санаа"-г саржингаа бодож олсон Түгжрэлийн сайдад баярлалаа.
Үнэндээ манай хотод алхаж яваад л тэнгэрт дэвшчихсэн гашуун осол олон шүү дээ. Хаа хүрээд дуусах нь мэдэгдэхгүй явган хүний замтай гэдгээ хүлээн зөвшөөрмөөр сөн. Түгжрэлийн гол бурууг иргэдэд тохох нь бүр ч гаарч. Одоо явган хүний замыг янзалж байгаа л гэнэ, дуустал удах биз. Өвөл нь нисчих гээд, зун нь тээглэж унах гээд зам гэж түмэн сорилт.
Замын нүхэнд хөлөө хийж, машин замын бродюр даган гэлдэрч амь өрсөж явснаас машинтайгаа явсан нь дээр биз. Тоос шороо бужигнасан хотод машиндаа явбал тайван биз. Дуу чимээ нь тартагтаа тулсан хотод машиндаа явбал амгалан биз. Түгжрэхээ мэдсэн ч "арай дээр" сонголт нь машин болохоор тэр юм.
Дугуй, скүтер зэрэг түгжрэлээс түргэн унаагаар зорчих арга Улаанбаатарт даанч алга. Дугуйн замгүй хориннэгдүгээр зууны хотод хохирогч нь иргэд л болж байна. Эрүүл амьдрах, салхи татуулан ажил гэр рүүгээ явах гарц үгүй. Зам тээврийн ослоор цэл залуу нас үрэгдэж, хоосон цээжтэй үлдэгсдийн цуваа "тэг" зогсох нь.
Сэлүүхэн хотын гудамжаар алхаж үзэх сэн, сэлүүхэн хотын гудамжаар салхи татуулан давхиж үзэх сэн.
Иргэдийн ухамсар, түгжрэлийн гол хүчин зүйл гэж буруу өгч байхаар эрүүл аюулгүй тэр орчныг нь бүтээж өгнө үү. Өнөөдөр ойрхон гэртэй байж түгжрэх гээд машинаараа гардаг хүн байхгүй. Өнөөдөр ажлын цаг нь дуусаад хүүхэд рүүгээ явахдаа түгжрэхээ мэддэг болохоор хэн нэгэнд захихаас өөр аргагүй. Гаргасан санаачилга, эхлүүлсэн аянг буруутгахгүй ч овоо босгоогүй бол шаазгай суухгүй.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)