Өглөөний тунгалаг агаар, хүсэл мөрөөдлийн гэгээтэй сүлэлдэн урьд урьдынхаас амгалан, урьд урьдынхаас жаргалтай болсон мэт нэгэн өдөр өнгөрч байна. Навчис төд удалгүй нисэх гэж буй шувууд шиг мөчиртөө тогтож ядан байгаа есдүгээр сарын гудамжаар хөтлөлцөн, хэлэлцэн, хөхрөлдөн яваа багачуудыг өнгийн тууз, бөмбөлөг шиг олон янзын ирээдүй тосож байх шиг санагдана. Тэр гэгээн жимийг дагаж алхсаар би зорьсон газартаа ирлээ. Энэ бол тусгай хэрэгцээт гэж тодотгодог нийслэлийн ЕБС-ийн 29 дүгээр сургууль. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд эндээс эрдмийн аянд мордож, амьдралын харгуйд хөл тавьдаг. Гэхдээ тэдэнд "бэрхшээл" нь тээг саад болдог гэхээс илүү нийгэм дэх тэгш бус байдал, боловсролын хүртээмж л дөнгө тушаа болдог.
Учир нь энэ сургуулийн үүдэнд зогсож буй хүүхэд бүр өөр өөрийн гэсэн дотоод чимээтэй. Тэр чимээ нь мөрөөдөл, эрмэлзэл, төсөөлөл, итгэл найдвар, хичээл зүтгэлийн цаг хугацаатай.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудал мундахгүй. Гэхдээ сурч боловсрох явцдаа түүнээс ч илүү асуудалтай нүүр тулгардаг.
Үүний нэг жишээ нь хахир өвлийн дунд дүнсийх сургуулийн хүйтэн танхим, жилийн дөрвөн улирал дээврийн дусаал шиг мэдрэгддэг байсан 29 дүгээр сургууль. Одоо л 60 жилийн түүхэнд анх удаа холцорсон будагтай багаа тайлж, хоцрогдсон өнгөө сольж байна.
Багш нар, эцэг эхчүүд энэ мөчийн төлөө хөлөө хүрэх газар явж, хэл хүрэх газар бүрд очжээ. Харин энэ л өдөр санаа зовниж асан үеүдэд цэг хатгаж, өнөөдрийн үзэмж бүрдсэн хэрэг.
Нэгдүгээр ангид орохоор аавдаа тэврүүлэн ирж буй охины гайхширсан, гэнэн харц бол монголын маргааш юм. Ерөөс ялгаагүй ганц л замаар сургуульдаа ирж, ерөөс ялгаагүй ганц л замаар гэртээ харьж яваа "бидний нэг" юм тэд.
29 дүгээр сургуулийн сурагч Б.Дарьсүрэн "Боловсролын хүртээмж тэгш бус байгааг мэдэрдэг. Бид хичээгээд л байвал энгийн сургуулийн хүүхдүүд шиг боловсрол эзэмшиж чадах байх. Өөрөө л хичээх юм бол бүх зүйл болох байх аа. Хүмүүсийг бидэнтэй харилцахдаа удаан яриасай гэж хүсдэг. Учир нь бид амны хайрцагаар таны юу ярьж буйг ойлгож чадна" гэж байв.
Гэрэл цацруулан инээмсэглэсэн түүний мөрөөдөл бол гадаадад боловсрол эзэмших. Тийм гэрэлт ирээдүй биднээс тусгаар биш, өөртөө итгэлтэй, хүн бүрийн ирээдүйд итгэдэг зан чанараас нь суралцах зүйл их мэт. Ийн Дарьсүрэн болон түүний найзууд дулаахан, тохилог, аюулгүй орчинд мөр зэрэгцэн суралцах боломжтой болж байна.
Энэ сургуулийн их засварын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын 4,8 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа юм. 1989 оноос хойш анх удаа бүрэн хэмжээний их засварт орж байгаа нь 2024 онд гээд бод доо.
Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр хэлэхдээ "Би долоон жилийн өмнө хүний эрхийн судалгаа хийх зорилгоор 29-р сургуульд ирэхэд зундаа сургуулийн дээврээс ус гоождог, өвөлдөө халаалт дулаан доголддог, хүүхдүүд ангидаа гадуур хувцастайгаа сууж хичээллэдэг харамсалтай дүр зураг угтаж байлаа. Харин энэ хичээлийн жилээс ийм бэрхшээл хүндрэл бүрэн арилна" гэсэн юм.
Бодит байдлыг нүдээр үзсэний хувьд 2017 оны дүр төрхөөсөө одоог хүртэл салаагүй 29 дүгээр сургуулийн асуудал хойш тавигдсаар байгааг хараад өнгөрч чадахгүйн тул Хотын дарга Х.Нямбаатарт уламжилж, төсөвт тусгасан байна.
Энэ сургууль зөвхөн бичиг үсэг заадаггүй, энэ сургуулиас хүүхдүүд амьдралын арга ухааныг ч суралцдаг гэж эцэг эхийн төлөөлөл хэлж байв. Учир нь М.Бурмаагийн хүү эл сургуулийг төгссөн төдийгүй одоо адил бэрхшээлтэй нөхөдтэйгөө хамт барилгын засал чимэглэлийн мэргэшсэн бригад болон ажилладаг байна. Тэрбээр "Олон жилийн өмнө хүүгээ хөтлөөд 29 дүгээр сургуулийн хаалгыг татаж байсан минь санаанд орж, нүдэндээ нулимстай зогсоно. Сургуулийн хичээлийн байрны асуудлыг шийдүүлэх гэж мөн ч их явдаг байсан даа. Одоо ингээд өнгөө зассанд маш их баяртай байна. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдээ таны хүүхдэд багшийн тусламжаас гадна аав ээжийн туслалцаа их чухал байдаг шүү" хэмээсэн юм.
Харин хичээлийн танхим руу ороход сурагчийн ширээнд тохой нийлүүлэн сууж буй нэгдүгээр ангийнхан "Сайн уу, сайн байна уу" гэж багшийгаа дуурайн мэндчиллээ. Ийм л үг, ийм л инээмсэглэлээр хүмүүс хөглөгдөн амьдардаг байж таарна.
"Тэд гараараа ярьж, нүдээрээ сонсдог" юм шүү дээ. Ритмийн багш Д.Баярнямыг "10 жил энэ сургуульд багшилсан хүний хувьд хэлэхэд Манай хүүхдүүд бүгдийг чаддаг. Сонсохоос бусдыг чадна гэсэн уриа ч бий" гэж ярихад хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхдүүдийн хоолой сонсогдох шиг болж билээ.
Өглөөний тунгалаг агаар, хүсэл мөрөөдлийн гэгээтэй сүлэлдэн урьд урьдынхаас амгалан, урьд урьдынхаас жаргалтай болсон мэт нэгэн өдөр өнгөрч байна.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)