ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн (ГГХ), Хятадын Шинжлэх Ухааны Академийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэн (Institute of Geographic Sciences and Natural Resources Research-IGSNRR) хамтран Хятадын Биологийн олон янз байдлыг хамгаалах ногоон хөгжлийн сангийн Ногоон хэлхээ олон улсын хамтын ажиллагааны сан (Green Chain International Cooperation Foundation, China Biodiversity Conservation and Green Development Foundation—GCICF-CBCGDF)-ийн дэмжлэгээр Монгол-Хятадын хамтарсан мод тарих, цөлжилтийн мониторинг хийх, ногоон хөгжлийн туршилт судалгааны үзүүлэх суурин байгуулах гурвалсан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтарсан туршилт судалгааны үзүүлэх сууриныг Баянхонгор, Говьсүмбэр аймагт байгуулахаар төлөвлөж, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай мөн хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулжээ. ГГХ нь тус туршилт судалгааны үзүүлэх суурины туршилтыг гүйцэтгэх, тогтвортой явуулах, хүн, малын нөлөөлөл, байгалийн гамшгаас сэргийлэх зэрэг ажлыг хийх юм.
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн, Хятад - Монголын хамтарсан туршилт судалгааны үзүүлэх суурины ач холбогдол, үр дүн, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад оруулах хувь нэмрийн талаар онцлов. Мөн Баянхонгор аймгийн БОАЖГ-ын дарга Д.Содномсамдан, Говьсүмбэр аймгийн БОАЖГ-ын дарга Д.Мөнх-Эрдэнэ оролцож цөлжилт, газрын доройтлын нөхцөл байдал, “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлж, тус туршилт судалгааны үзүүлэх сууринг цөлжилт, газрын доройтолд ихээр өртсөн тус аймгуудад байгуулж, хамтран ажиллах болсонд талархал илэрхийлжээ.
Хамтарсан туршилт судалгааны үзүүлэх сууринд экологийн хамгаалалт, салхи, элсний нүүдлийн туршилт судалгаа хийх, бусад ижил төстэй бүс нутагт хэрэгжүүлэх боломжтой загвар боловсруулах, олон улсын экологийн хамгааллын хамтын ажиллагаа, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, экологийн боловсрол олгох, мэргэжилтнүүд, оюутан сурагч, сайн дурын ажилтнуудыг хамруулан мод тарих, хүрээлэн буй орчныг хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулах зорилготойг ШУА-ийн ГГХ мэдээллээ.
Сэтгэгдэл (1)