Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ. Энэ удаад бид нийгмээс хэрхэн амсхийж буй тухай хуваалцаж байна.
Амгалан дүртэй хангайн уулсыг тольдон, Тамирын голын түргэн урсгалыг чагнаархан явах ахуйд амьдралын нүргээн, амь зуулгын хэд гурван төгрөг санаанаас арчигдан одоод, сэтгэл минь хорвоод мэндэлж буй нялхас шиг тув тунгалагхан болов.
Энэ бол Архангай аймгийн Ихтамирын үзэсгэлэнг алмайран яваа "хайрцаг"-аасаа гарсан би... Яг "Тайхар чулуу"-ны өмнө зогсох хүртлээ эх орноо зогтусан бишрэн дуулж явлаа.
Гэтэл дурсамжийн цомог, зургийн дэвтэр шиг болсон түүх, соёлын дурсгалыг хараад голдоо ортол гонсойсон юм. Ийш зорин ирэх шалтгааныг, өөрсдийн хамгаалах ёстой өнгөрсний ой санамжийг хүмүүс хэрхэн баллаж, сохолсныг өөрийн нүдээр харлаа. Крилл үсгээр бичсэн соёлын дурсгал гэж хожим үлдэхгүй шүү дээ. Тайхар чулуу "зовж" байгаа юм шиг л "гундуу". Байгалийн нэг хэсэг биш мэт болтлоо гундсан түүний тухай домог үлгэр шиг хуучийг би санаж байна.
Хойд Тамир голын захад байрлах эл цохионы тухай элэгдсэн "самбар" ч хэлж өгөхөөсөө нэгэнт өнгөрчээ. Бичиг нь бүдэг бадаг харагдах танилцуулгыг нүдээ жартайлган байж л уншихтай үгүйтэй болж байв. Түүхийн олон үед холбогдох зос, сийлмэл зураг дүрс, тамга тэмдэг, руни, монгол, хятад, уйгур, согд, төвд зэрэг олон хэлээр бичсэн 150 гаруй бичгийн дурсгал нь "монгол хүн"-ий гарт үрэгдэж дууссаныг харахад туйлын уйтай юм.
Бэлчээрийг мал талхладаг бол, соёлын дурсгалыг хүн талхлаж байна. Бичээснүүд дотроос хамгийн олон нь 70 орчим тоотой Монгол бичиг гэгддэг ч үнэндээ түүнээс ч олон тоотой нь крилл бичиг болж хувирчээ. Тайхар чулууны түрэг бичээс нь улаан, хар өнгийн зосоор эртний түрэг үсгийн бичмэл хэлбэрийг хадгалан үлдсэнээрээ онцлог гэдэг бол малтаж, зорж, зурж бичсэн тэдэн он, тэр тэр гэсэн замын хүний нэрээр дүүрсэн байна.
Тайхар чулуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаардаг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг. Гэвч одоо "ерийн нэгэн чулуу" ч биш "хүний гараар сүйдэлсэн чулуу"-ны хувь тавилан л түүнд байна.
М.Дэвээ
Сэтгэгдэл (3)