Францын алдарт зохиолч Г.Флоберийн “Бовари хатагтай” ном бол дэлхийн уран зохиолын сод туурвилуудын нэг. Тухайн зохиолын үйл явдлыг товч дурдвал, Францын хойд хэсгийн Берто тосгонд амьдрах фермийн эзэн Руогийн охин Эммад эцгийнх нь хөлийг эмчлэгч эмч Шарль дурлана. Харин Шарль эхийн заавраар хижээл насны бэлэвсэн эмэгтэй Дюбюктай гэрлээд нэг жил болсон байлаа. Тэрээр эхнэрээ өвчнөөр өөд болсны дараа Эмматай гэрлэдэг. Авьяас,мэдрэмж цогцолсон Эмма уран зохиолд туйлын дуртай нэгэн. Гэрлэснийхээ дараа Эмма гэрийн эзэгтэйн нэгэн хэвийн амьдралаас залхаж, түүнд хайр сэтгэлгүйгээ мэдэрч эхэлдэг. Өөрийн амьдралдаа улам л сэтгэл хангалуун бус болж, өөр нэгэнд ч сэтгэл алдран ухаангүй дурлана. Учрыг эс мэдэх Шарль, Эммагийн төлөө бууриа сэлгэж “Ионвиль” тосгонд нүүж очдог. Тэнд Эмма охинтой болсон ч байдал төдий л өөрчлөгдөөгүй. Хар үүрээр шалбааг туучин Родольфийг зорьж, түүнд хайртайгаа тунхаглах боловч бүх зүйл төсөөлсөн шиг нь сайхнаар эргэдэггүй.
“Феминист судлаачид эмэгтэй хүний амьдралыг хязгаартай гэж үздэг. Эцгийн эрхт нийгэмд эмэгтэй хүний амьдрал хязгаарлагдмал байдаг. Тэд эмэгтэйчүүдийг мэргэжлийн үүрэгт ажлаас холдуулж, хоёрдогч үүрэг буюу гэрийн ажил хийлгэхийг илүүд үздэг юм”. (Мichael Ryan, 2018)
Гюстав Флоберийн “Бовари хатагтай” романд дурдагдах Эммагаас гадна хатагтай Оме, хатагтай Бовари, Лөрө гэх мэт тосгоны худалдаачин, ажилчин ангийн гэр бүлийн эмэгтэйчүүдийн амьдрал хүмүүсийн алган дээр тавьсан мэт ил агаад гэрийн аар саар ажилд хүлэгдсэн байдаг. Хайр сэтгэл нэрийн доор Эмма энэ бүхнээс оргон зайлах гэж оролдож байгаа юм шиг хэр нь өнөөх л эмэгтэй хүний хийдэг “залхмаар” ажлуудыг хийсээр байгаадаа ядарсан хэрэг.
Тухайн нийгэмд эмэгтэй хүн өр зээлд оруулж, өмсөх эдлэх нь ч эрэгтэй хүнээс илүү бас үнэтэй, хөнгөн хийсвэр байдаг, буцаагаад түүнийгээ төлөх гэж зүдэрнэ. Яагаад гэвэл ажилгүй гэртээ сууж байгаа хүн хэрхэн мөнгө олох вэ. Эм найруулагч Оме, Эммад хандан “Эмэгтэй хүнд мөнгө олох шиг амар хялбар ажил үгүй” гэж хэлдэг (Г.Флобер, 2009). Энэ нь тухайн үеийн үзэл бодол хааш хэлтийж байсныг илтгэнэ. “Мөнгө аваад оронд нь...” сонголт байсан ч Эмма татгалзаж байгаагаар эмэгтэй хүний “бардам” занг харуулж байна. Эммагийн зоригтой, эрмэг байгаа, Шарлийн сул дорой буйгаар хоёр дүрийн (эрэгтэй, эмэгтэй хүйсийн буюу эрэгтэй хүнд байх эмэгтэйлэг шинж, эмэгтэй хүнд байх эрэгтэйлэг шинж) шинж байдлыг тэнцвэржүүлэхийг оролджээ.
Эммаг хүчирхэг болгож байсан тэр зүйл нь эхэндээ хайр байлаа. Дараа нь тэр хайр, түүнийг ёроолгүй гуниг руу түлхэж орхисон.
Зохиолд дурдагдах эрэгтэй дүрүүдийг харвал, Родольф хөрөнгө чинээ, бэл бэнчинтэй ч ухаангүй дурлаж, түүнийхээ төлөө бүхнээ зориулах эр зориггүй. Харин эмэгтэй өөрт байсан бүхнээ золиход бэлэн, хэдийн зольчихсон.
Гюстав Флобер зохиолчийн амьдралын цаад мөн чанарт хүргэх, туйлын сэдэв рүү түлхсэн шигээр францын феминизм буюу эмэгтэйчүүдийг дорд үзэн дарангуйлахтай тэмцэх хүсэл байж. Уг зохиолд Эммаг ёс суртахуунтай байхыг (ариун байдал гэх мэт) эх нь шахаж, тэд түнжин муутайгаар гардаг. Аливаа роман, уран зохиол түүнийг тэрс болгож байна хэмээн үзэж, тэр бүгдээс хөндийрүүлэх гэж хичээх буюу. Ингэх бүрд Эмма түүнтэй тэрсэлддэг. Магадгүй үүнд зохиолчийн эмэгтэйчүүд эрх ашгийнхаа төлөө дуугарч, ямар нэгэн зүйл рүү тэмүүлж байгаагаа нийгэмдээ сонсгох, харуулах хэрэгтэй гэх далд санаа байж болох юм.
Харин зохиолын хамгийн эмгэнэлтэй дүр бол анхнаасаа төрсөн нь алдаа мэт бяцхан “Берте”. “Бовари хатагтай” романы туршид үргэлжлэх урт удаан гал халуун бас цэл хүйтэн хайрын жаргал зовлон, амт шимтэнд мансуурч явахдаа “Берте”-г ганцхан удаа дурсдаг. Эцэст нь Шарль ч орхин оддог. Бяцхан Берте хаачсан бол, эмэгтэй хүний хувь тавилан ердөө л ийм мэт.
Эмма гэрээсээ гарсан тэр цагаас эхлэн эрх мэдлээ алдана. Түүний хүсэл сонирхол, зүрх сэтгэл ч түүнд захирагдахаа болино.
Мөнгө хөрөнгөтэй, нэр хүндтэй мэт санагдан охиноо өгсөн Шарль ч анжисын үхэр мэт зүтгэсээр, эмэгтэйг ойлгох, хайр сэтгэлээ мэдрүүлэхээ ч мартсан.
Эммагийн тухай “Хэдий өвөрмөц зүйлийг мөрөөдөвч уураг тархиндаа шингэсэн нөгөө л хөдөөний буржуа хэвээр үлдэнэ. Эр нөхрийг нь бас адгийн хоёр нууц амрагийг нь ухаан алдуулсан гоо үзэсгэлэн ч дорд, тосгоны хүүхэн хэвээр үлдэх хувь тавилангаас нь чөлөөлдөггүй” хэмээн Владимир Набоков хэлсэн нь бий.
Эцгийн эрхт ёс, эрэгтэй хүн гэр бүлээ тэжээх учраас сурч боловсорч, юмсыг илүү өндрөөс харах давуу эрхтэй байдаг уу, эмэгтэй болж төрвөл оёж шидэх, аяга тавгаа өнгөлөх зэрэг “хөөгдчихөлгүй” тэжээлгэх тэдгээр ажилд суралцдаг байсан гэх ойлголт төрүүлэхээр. Харин зохиолчийн зүгээс Бовари хатагтай буюу Эммаг үхүүлсэн нь энэ эмгэнэлт, эрхгүй, хавчигдсан, хязаарлагдсан амьдралаас нь чөлөөлж буй буянт үйл байлаа. Гэвч “Бовари” хатагтай шүү дээ, Эмма өөрөөрөө бус “Шарлийн бүсгүй” хэвээрээ үлдлээ.
Тэр бусдын нүднээс дальдчин нуугдаж, сэтгэл зүрхэндээ дийлдэн явахдаа ч олны хэл амнаас зугтаж байсан. Нэгэнт орхисон дурлалт эрээ дагаад эсвэл ганцаар оргон зайлахад хэтэрхий эрх мэдэлгүй. Ингэж бодоход яагаад гэрээсээ явж болохгүй байна вэ, тэр гэрт юунд байгаад байгаа юм.
“Эмэгтэй хүн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрддөггүй” бололтой.
Нөгөөтэйгүүр уг зохиолд XIX зууны, тухайн зуунаас ч өмнөх дэврүүн хүсэл мөрөөдөл, романтик сэтгэлдээ хөтлөгдөн гэрлэсний уршигийг ч энэ зохиолд харуулжээ.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (7)