Ирэх өдрүүдэд Монголд болох олон улсын хамгийн том арга хэмжээ нь 22, 23-нд болох Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт болж байна. Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол улсын Гадаад харилцааны яамны зохион байгуулж буй энэ томоохон уулзалтад дэлхийн 15 улсын төр засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд нар, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг бүхий л салбарын эмэгтэй манлайлагчид оролцоно. Тэдний нэг болох Словенийн ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар өнөөдөр Монгол улсад төрийн айлчлал хийж байна. 1968 онд төрсөн хуульч, сэтгүүлч, зохиолч тэрбээр 2022 оноос хойш тус улсын төрийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд 1991 онд Словени улс тусгаар тогтносноос хойш ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй хүн юм. Ерөнхийлөгч болохоосоо өмнө Н.Пирц-Мусар Словенийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байв. Сонирхолтой нь энэхүү чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулж буй Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн албан тушаалтай билээ.
Словени улсад өнгөрсөн 33 жилд зургаан ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өнгөрч, дөрвөн төрийн тэргүүний нүүр үзсэн бөгөөд тав дахь нь Н.Пирц-Мусар юм. Сонирхолтой нь тэрбээр 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдөн ялалт байгуулжээ. Сонгуулиас өмнө ч тэрбээр ямар нэг намд харьяалалгүй явж ирсэн бөгөөд өөрөөр хэлбэл өнөөг хүртэл улс төрийн ямарваа нэг намд огт элсэж байгаагүй гэнэ. Өмнөх дөрвөн ерөнхийлөгчийн хоёр нь буюу Словенийн анхны ерөнхийлөгч, энэ албыг гурван удаа тасралтгүй хашсан Милан Кучан, гурав дахь ерөнхийлөгч Данило Тюрк нар түүнийг энэ сонгуульд бүрэн дэмжиж байжээ.
1945 онд Холбооны бүгд найрамдах Югослав улсын бүрэлдэхүүнд орсон Словени улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан юм. Улмаар Монгол улстай 1993 оны хоёрдугаар сарын 18-нд дипломат харилцаа тогтоосон билээ.
Сэтгэгдэл (1)