АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Олон нийтийн зөвлөлийн гишүүн Б.Отгон дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд тэгш гараанаас шударга өрсөлдөх ёстой. Гэтэл өнөөдөр улс төрийн алба хашиж буй УИХ-ын гишүүд, сайд, дарга нар төсвийн хөрөнгийг ашиглан, төрөөс төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажил, түүний үр дүн тайланг олон нийтэд хүргэх нэрийн дор сонгуулийн далд сурталчилгааг явуулж байна. Энэ бүхэнд татвар төлөгчдийн буюу улсын төсвийг үр ашиггүй зарцуулж байна.
Сүүлдээ өөрсдийнхөө хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулахад төрийн албан хаагчдыг ажиллуулах тухай ил тодоор ярьж байна. Энэ бол сонгуулийн ижил гараанаас эхлэх Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл. Зарим нэр дэвшигчид олон нийтийн сүлжээгээр сонгогчдыг татах Сонгуулийн хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргасаар байна. Иймээс Сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүдэд хатуу хяналт тавьж, таслан зогсоохыг СЕХ-ноос шаардаж байна" гэв.