SXCoal: Монголын нүүрсний цахим арилжааны идэвх дөрөвдүгээр сарын дунд үеэс харьцангуй сэргэсэн
Монгол Улс нэгдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын зургааны өдөр хүртэлх хугацаанд 24.7 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн дүн болж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Харин оны эхний дөрвөн сард 23.9 орчим сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Мөн энэ хугацаанд Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүний арилжаа бүрдүүлснийг Монголын Хөрөнгийн бирж мэдээлсэн юм. Энэ онд 20 гаруй сая тонн нүүрс, хоёр сая гаруй тонн төмрийн хүдэр арилжаалахаар тооцоолж байгаа аж.
Биржийн цахим арилжааны хувьд арилжааны идэвх гуравдугаар сарын эцсээс дөрөвдүгээр сарын эхэн үе хүртэл тааруу байсан ч дөрөвдүгээр сарын дунд үеэс харьцангуй эргэн сэргэснийг “SXCoal” мэдээлсэн байна.
Монгол Улсын коксжих нүүрсний үнэ БНХАУ-ын дотоодын нүүрстэй харьцуулахад төдийлөн өсөөгүй байгаа аж. Мөн БНХАУ-д Хөдөлмөрчдийн баярын өдөр тохиосонтой холбоотойгоор Ганцмод боомтод арилжааны идэвхжил буурчээ.
Монголын түүхий нүүрсний спот үнэ дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт тогтвортой, тонн тутам нь 1350-1380 юань орчим байсан бол угаасан нүүрсний үнэ тонн тутамдаа 1520-1530 юань хүрсэн байна.
Эх сурвалж: BloombergTv Мongolia
Сэтгэгдэл (3)