Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерийг зарласантай холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү "S'Outlet" дэлгүүрийн талбайд ажиллаж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Голын голдирлыг нарийсгаж, барилга байгууламж барьсан S'Outlet дэлгүүрийг гуравдугаар сараас эхлэн буулгаж байгаа. Тус дэлгүүрийн дөрвөн объект байснаас өнөөдрийн байдлаар дөрвөн давхар объект, агуулах, гурван хүчдэлтэй цахилгаан эрчим хүчний дэд станцыг буулгасан. Одоо таван давхар үндсэн барилыг буулгаж байна. Уг барилга нь төмөр бетонон хийцээр хүчитгэсэн. Цахилгааны монтаж, шилэн фасадыг авч байна. Төмөр бетоноор хүчитгэсэн хананы углуургыг нэг бүрчлэн хийн гагнуураар сулласан байдалтай байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар бидний нэрлэж заншсанаар Буянгийн замыг хааж, кранаар төмөр бетонон хануудыг авна. Дөрөвдүгээр сарын 15-нд буулгах ажлаа дуусгахаар төлөвлөж байна.
S'Outlet дэлгүүрийн барилгын газар дээр өөр барилга барихгүй. Нийт 1.5 км урттай, 4-4.5 метрийн өндөр, темөр бетонон хийцтэй үерийн даланг барина. Мөн голын голдирлыг өөрчилсөн байршлын сувагчлалыг нээхээр ажиллаж байгаа юм. Үүний зураг төслийг 2023 онд хийж дууссан бөгөөд өнгөрсөн долоо хоногт тендерийг зарласан. Нийт төсөв 20 тэрбум төгрөг. Энэ жил есөн тэрбум төгрөгийг зарцуулна. Тендерт шалгарсан компани ажлаа гүйцэтгэсний дараа мөнгөө авна.
Сэлбэ голын үерийн даланг сувагчлах ажил хийгдэж эхэлсэн. 2023 онд үер болсноос хойш далангуудын зураг төслийг хийсэн. Улаанбаатар хотод 23 байршилд үерийн далан барих зураглалыг хийж байгаа юм. Зураглал нь инженерийн шийдлүүд гардаг учраас удаан хийгдэнэ.
Улаанбаатар хот өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас хойш гамшгийн шар түвшинд шилжээд байгаа. Энэ хугацаанд Сэлбэ голын мөсийг гаргаж авснаар хоёр удаагийн шар усны үерийг хохирол багатай давлаа.
Өнөөдрийн байдлаар Наадамчдын гудамж, Яармагийн зам, Харүмафүжи сургуулийн хойд талд, Нисэхээс Яармаг руу орох замд Богд уулын ус их орж ирж байна. Уг байршилд ус соруулах гурван машин өдөр бүр ажиллаж байна. Чингэлтэй, Баянхошуу, Толгойтын сувагчлалд энэ байдлаар ажиллаж байгаа юм" гэв.