Энэ онд Нийслэлийн Замын Сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замд ээлжит засварыг хийнэ. Тус ажлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 10-наас арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Тодруулбал, Намъянжугийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хүртэлх авто зам, Ботаникийн уулзвараас Улиастайн гүүр хүртэл авто замыг засах юм. Засварын үед авто замын хучилтын хийцийг хүчитгэх, инженерийн шугам сүлжээний худгуудын түвшнийг тохируулж өндөрлөх, хашлага, явган замын засвар үйлчилгээг хийх, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх аж.
Ингэхдээ чулуун хийцтэй авто замын хашлагуудыг солихгүй, түвшнийг өндөрлөнө. Замын нүхэн эвдрэл засварлах, заадас буюу хагарал гагнах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх, гүүрний урсгал засварууд байнга хийгдэнэ гэдгийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат хэлэв.
17 байршилд засварлахаар төлөвлөсөн авто замууд нь борооны ус зайлуулах ил болон далд шугамтай агаад засварын үеэр шүүрдэх худгуудын түвшнийг тааруулж, замын гадаргуу дээр тогтсон усыг бүрэн хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэх юм.