Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үндэсний хэмжээнд зүрх, мэдрэлийн лавлагаа төвийн үүргийг гүйцэтгэдэг Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын бодлогын хэрэгжилт, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, эмчилгээ оношилгооны шинэ арга технологиудын явцын талаар тодорхой мэдээлэл авч, эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдэх зорилгоор яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн даргаас гадна ЭМДЕГ-ын удирдлага гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллав.
Эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, шинэ технологи, инноваци, хүний нөөц, нийгмийн баталгаа, үндэсний хэмжээний лавлагаа тусламж үйлчилгээний байдал, тулгамдаж буй асуудлын талаар гүйцэтгэх удирдлагын багтай хийсэн уулзалтын үеэр Ц.Төмөр-Очир захирал тодорхой танилцуулсан.
Тус эмнэлэг нийт 810 ажиллагсадтай. Тэднийг 198 нь эмч, 398 нь буюу нийт ажиллагсдын 49,1 хувь нь сувилагч тусгай мэргэжилтэн, төгсөлтийн дараах сургалтын 237 резидент эмч ажиллаж жилдээ 24 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 154 мянга шахам хүнд оношилгоо, эмчилгээ, 6500 орчим мэс засал хийдэг.
Тус эмнэлэгт зүрх судасны мэс засал эмчилгээнд орох үйлчлүүлэгчийн тоо жилээс жилд нэмэгдэж дунджаар 330 гаруй нээлттэй хагалгааг хийж байна. Мөн титэм судасны хүнд хэлбэрийн хагалгаа, зүрхний хэм алдагдлын оношилгоо, эмчилгээний тоо өсөж байна.
Зүрх, мэдрэлийн үндэсний хэмжээний лавлагаа төвийн хувьд зүрхний шигдээс, тархины харвалтын төрөлжсөн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдэж, мэдрэлийн мэс засал жилд 1500-гаас дээш тоогоор хийдэг нь гадагшаа явах урсгалыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа үзүүлэлт гэдгийг эмнэлгийн дарга танилцуулсан.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн хувьд эмчилгээ, оношилгооны шинэ технологийг нэвтрүүлж, нутагшуулах, эмч мэргэжилтнүүдээ сургаж чадавхижуулах, гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарч, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийг манлайлж ажилладаг. Мөн эмч нараа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургах, гаднаас зочин профессорын баг урьж ажиллуулах, хамтарч мэс засал хийх зэргээр боломж бүрийг ашигладгаараа давуу юм.
Тэр хэрээр тодорхой ахиц дэвшил гарч буй. Тухайлбал, Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төслийн үр дүнд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний чадавхи сайжирч, нас баралт 8,0 хувиар буурсан, зүрхний эмч нарын үндэсний сүлжээ бий болсон зэргийг дурдаж болно.
Цаашид өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг бууруулахад Зүрх судасны төв барих зайлшгүй шаардлага байгааг УГТЭ-ийнхэн танилцуулсан.
Эх сурвалж: ЭМЯ