Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэн авсан барилгуудын нэг бол Шинэ Яармаг цогцолбор хороололлын B zone хэсэг. Тус хэсгийн 7 блок 540 айлын орон сууц, 4604.3 м.кв талбай бүхий 332 ширхэг авто машины зогсоол, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай барилгыг худалдан борлуулж эхэллээ. Эдгээр орон сууцны барилгын каркас угсралтын ажил 5 блокт 100 хувь, 2 блокт 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба худалдан авагчаа хүлээж байгаа бэлэн төсөл юм.
Уг төслийн талаар Активийн бүтцийн өөрчлөлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Батболдоос тодрууллаа.
Тэрбээр “Төсөл маань дэд бүтцийн хувьд бүгд бэлэн. Ямар нэгэн гаднын инженерийн шугам сүлжээний ажил хийх шаардлагагүй байгаа. Тухайлбал, 15 давхар нил хавтан суурьтай бүрэн цутгамал барилга нэг давхартаа 80-аас доош мкв-тай учраас худалдан авагч байгууллага маань ипотекийн зээлд хамруулах боломжтой. Үнийн тухайд 7 блок 540 айлын орон сууц, 4604.3 м.кв талбай бүхий 332 ширхэг авто машины зогсоол, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай барилга нийлээд 64 орчим тэрбум төгрөг болно. 1 мкв нь 1 сая 300 мянган төгрөг орчим гэж үзэж байгаа” гэлээ.
Тус барилга хотын хамгийн цэвэр агаартай суурьшын бүсэд байрладаг аж. Эмнэлэг, худалдаа үйлчилгээний гудамж, Монгол Улсын анхны олон улсын стандарт бүхий “Степпе Арена” болон хөлбөмбөгийн талбай зэрэг нь барилгыг хүрээлнэ.
Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахыг сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513 утсаар болон https://www.dbm.mn/news/1682 цахим хуудасны үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс авах боломжтой аж.
Г.Хоролмаа