БОАЖЯ-наас ээлжит мэдээллээ хийв. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг өвлийн аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан хийж, энэ оны 1-4 дүгээр сард болох аялал жуулчлалын арга хэмжээний хөтөлбөр гарсныг танилцууллаа.
Хамгийн ойрын үйл ажиллагаа нь Архангай аймагт өнөөдөр эхэлж буй “ARA Winter Land” өвлийн наадам, мөн нэгдүгээр сарын 14-нд буюу ирэх ням гарагт нийслэлийн “Скай ресорт” цаны баазад нээгдэх олон улсын “Мазаалай” цас мөсний наадам. Улаанбаатарт болох наадмын үеэр “Мазаалай” мөсөн хотхоныг нээнэ. Үүний өмнөх өдөр буюу бямба гарагт сэтгүүлчдийг уг хотхоны шөнийн гэрэлтүүлгийг үзэж сонирхохыг урьсан юм.
“Мазаалай” мөсөн хотхоныг олон улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, сурталчлах зорилгоор барьж байгуулан, нэн ховордсон, үндэсний бахархалт амьтнаар зарлаад буй мазаалайн нэрээр нэрлээд байна гэв. Мөсөн хотхонд 50 мазаалай дүрстэй баавгайг мөсөөр урласныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан танилцууллаа.
Түүнчлэн хотхонд олон улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгуулахаар болж, одоогоор дэлхийн 12 орны 40 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байна гэв. Мөн манай улсад ирээд буй дэлхийн "Nas Daily" багийн гишүүд оролцоно. Одоогоор тэд Булган аймгийг зориод байгаа. Архангай аймгийн өвлийн наадамд оролцоод, Улаанбаатарын мөсөн хотхонд ирнэ гэв.