Сэлбэ голд үүссэн халиа тошингийн нөхцөл байдлын талаар холбогдох хүмүүс мэдээлэл өглөө. Энэ үеэр "Арванхоёрдугаар сард Сэлбэ гол руу хоолой ашиглан ус шахаж байсан үйлдлийг таслан зогсоосон. Халиа үүсэхэд тухайн хоёр байгууллагын ус шахсан болон энэ зуны үер ихээхэн нөлөөлсөн" гэдгийг НЗД-ын орчлогч О.Номинчимэг дурдлаа.
Түүнчлэн Геодези, Усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан хэлэхдээ, "Нийслэл хотод халиа үүссэн 10 гаруй байршилд халиа үүссэн байдалтай байна. Сэлбэ голын хэсэг 14 хоногт 20 орчим сантиметрээр усны түвшин дээшилсэн байна.
Дулааны шугамтай хэсэгт ус хөлдөхгүйгээс түвшин бага багаар дээшилж байна. Халиа үүссэн шалтгаан нь Сэлбэ голын усны хэмжээ их байна. Хур бороо их орсонтой холбоотой. Мөн Сэлбэ дэд төв, Баянзүрх дүүргийн хөрсний ус зайлуулах шугамын хоолой мөн ийш орж ирдэг.
Голын усны халиа тошин гуравдугаар сарын 20-д хүртэл үргэлжилдэг. Дулаарахаар доороосоо гэсдэг.
Мөсний зузаан голын баруун хэсэгт хоёр метр орчим, зүүн талд 1.5 метр орчим байна. Сэлбэ голын ойролцоох айл өрх, ААН-үүдийг усанд автуулахгүйн тулд усыг сувагчилж урсгах, усыг дээшээ түрж хөлдөөх ажлуудыг эхлүүлж байна.
Геодези, Усны барилга байгууламжийн газрын 140 гаруй ажилтан цаг тухай бүрд ажиллаж, халиа тошин үүссэн хэсэгт машин механизмаар сувагчлах, гарсан мөсөөр нь далан босгох ажлыг хийж байна.
НЗДТГ, УБЗАА-ны зүгээс машин механизм цөөн байгаа учир нэмэгдүүлэхээр 3,500 экскаватор захиалсан. Цагаан сараас өмнө авна.
Нийслэлд халиа тошин үүссэн хамгийн эрсдэлтэй хэсэг буюу Дэнжийн мянгын гуравдугаар суваг буюу 32-ын гүүрний хойд, Шунхлай ШТС-ээс дээш хэсэг, 39 дүгээр сургуулийн урд талын сувагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн Толгойтын үерийн хамгаалалтын суваггүй хэсэгт үүссэн халиа тошинг багасгах ажлыг хийж байна.
Мөн Бэлх, Сэлх, Гүнжийн гол дагасан халиа тошин үүсээд байна. Голын халиа, тошингоос урьдчилан сэргийлэхэд жил бүр 300 сая төгрөгийг төсөвлөдөг" гэлээ.
М.Дэвээ