"Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр МУГТ Н.Төгсцогтыг нэрлэж байна.
Оны эхны дуулиан бол МУГТ Н.Төгсцогт хар тамхины хэргээр баривчлагдсан явдал байв. Түүнийг хар тамхи хэрэглэсэн байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид саатуулжээ. Н.Төгсцогт мансуурсан байдалтай байсан бөгөөд биологийн дээж авахад хар тамхи хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар илэрсэн аж. Тэрбээр өмнө нь хар тамхины хэрэгт хэд хэдэн удаа холбогдож байсан удаатай. Тухайлбал, 2021 онд МУГТ, боксчин Э.Цэндбаатарыг хар тамхины хэргээр 30 хоног саатуулагдахад тэрбээр холбогдсон. Мөн Н.Төгсцогтын найз н.Түмэн гэх залуу өөрийн цахим хуудастаа "Н.Төгсцогт мансуурсан үедээ намайг танилгүй хэд, хэдэн удаа цохиж толгойн тус газарт хүнд гэмтэл учруулсан. Тэр бүү хэл түргэн тусламж дуудаж өгөлгүй явсан" тухай бичиж байв.
Спортын оргил үедээ яваа, 32 настай Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын дэвжээнд хөл тавьсан цагаасаа хойш 15 тулаан хийж, хоёрт нь ялагдан нэгт нь тэнцээд байгаа. Ингэхдээ тэр есийг нь хүнд цохилтоор ялсан. Мэргэжлийн боксын ертөнцөд түүнийг "King Tug" гэж хочилдог билээ. Тэгвэл түүний карьер энэ хүрээд дуусах уу?
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)