Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 110 чиглэлд 1,017 автобусаар 1,170 автобусны зогсоолоос өдөрт 400,000-500,000 зорчигчдод үйлчилгээ үзүүлж байна. Өнөөгийн нийтийн тээврийн төлөвлөлт нь дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцалыг ихээхэн үүсгэж байна. Иймд нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүссэн.
Улаанбаатар хотын газар зүйн хэлбэр болон одоо байгаа авто замын сүлжээнд тулгуурлан зорчигчийг хотын аль нэг захаас нөгөө зах руу дамжин суух нөхцөлтэйгөөр богино эргэлтийг бий болгож автобусны хүлээгдлийн хугацааг багасгахаар ажиллаж байна.
Дээрх төлөвлөлтийг жигд бус гудамж замтай хотуудад ихэвчлэн мөрдүүлдэг бөгөөд урьдчилсан төлөвлөлтөөр хотын гол гудамж зам болох Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих бөгөөд автобус хоорондын хүлээгдлийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолсон" гэв.