Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор хилийн боомтын хөдөлгөөн эрс нэмэгдэн хил, гаальтай холбоотой гэмт хэрэг, зөрчил өсөх хандлагатай болжээ.
Энэ онд 182 орны 1.2 сая гаруй зорчигч, 29 орны 9000 орчим агаарын тээврийн хэрэгсэл “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтоор үйлчлүүлжээ. Үүнээс гадаадын 400, Монголын 131 иргэн зөрчлийн хэрэгт, гадаад болон Монголын тус бүр хоёр иргэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан байна.
Тиймээс тээврийн прокурорын газраас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагуудтай хамтран зорчигчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэх ажил зохион байгуулсан аж.
Тодруулбал, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааг хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагаас эхлээд хилээр нэвтрэхэд анхаарах зүйлсийг монгол, англи хэл дээр бэлтгэн, хүлээлгийн танхим, хил, гаалийн хяналтын бүс, онгоцны тасалбар дээр “QR” хэлбэрээр байршуулжээ.