Нийслэлд оройн цагаар цахилгаан эрчим хүч хэсэгчлэн тасарч буй асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулав.
Тэрбээр "Уржигдар оргил ачааллын цагаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 1,618 МВт болсон. Тэр үед хэрэглэгч дунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэ нь манай хэрэглээ хэт өсөж байгаагаас шалтгаалж байна. Мөн хэт хүйтэн болж байгаагаас системд гэмтэл гарах тохиолдол бий.
ОХУ нийлүүлэх хэмжээгээрээ буюу 345 МВт-аа нийлүүлж байгаа. Тэгээд ч хүрэлцэхгүй байна гэсэн үг. Түүнчлэн -30 градусаас дээш хүйтрэх үед салхин цахилгаан станцын нийлүүлэх хэмжээ нь багасаж байна. Салхин цахилгаан станц оргил ачааллын үед хэр оролцоотой байхаас шалтгаалаад хязгаарлагдах эсэх нь яригдах тул урьдчилан таамаглах боломжгүй.
Хэрэглэгч нарыг ангилан зургаан багц гаргасан. Нэг эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлана. Ингэхдээ тэнцвэртэй хуваарилж, аль болох хүндрэл, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарна. Хязгаарлалт 1-2 цаг, ихдээ гурван цагаас хэтрүүлэхгүй" гэв.
Сэтгэгдэл (2)