Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтийг өөрчилж буй. Өнгөрөгч 2022 онд нийслэлийн 161 байршилд RFID буюу радио давтамжийн үнэлэлтийг ашиглах, уншигч төхөөрөмжийн дэд бүтцийг суурилуулсан байдаг. Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгож, ирэх онд орон нутаг, импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулна гэж албаныхан мэдээлэв.
Нийслэлийн хөрөнгөөр эхний ээлжид 442 мянган цахим гэрчилгээ, түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, программ худалдаж авсныг суурилуулж байгаа аж. Нийтдээ сая орчим тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгох бөгөөд энэ ажил ирэх оны хагаст дуусах төлөвтэй байгаа юм.
Уг цахим гэрчилгээ нь ямар нэг чип, байршил илрүүлэгчгүй. Гэрчилгээг авто машинд нааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний бүртгэл хийж, төлбөрийн системээ цахимжуулан, тээврийн хэрэгслийн зохицуулалтыг гар утасны аппликейшн, цахим системээр харах, замын түгжрэл үүсгэж буй шалтгаануудыг олж тогтоох өргөн хүрээний үр дүнг үзүүлнэ гэж харж байгаа юм.
Түүнчлэн гэмт хэргийг илрүүлэх, таслан сэргийлэх, замын цагдаа нарын ачааллыг бууруулах, түгжрэлийг шийдэх олон талын ашигтай. Иргэдийн зарим нь уг цахим гэрчилгээний тухай мэдлэггүй байгаа бол зарим нь уг гэрчилгээг тагнах төхөөрм мэтээр ойлгох явдал буй.
Гэвч энэ гэрчилгээ нь ямар нэгэн байршил илрүүлэгч, чипгүй бөгөөд тодорхой байршилд суурилуулсан төхөөрөмжийн дэд бүтцүүдийг дайран өнгөрөхөд тухай тээврийн хэрэгслийн арлын дугаарын мэдээллийг Зам тээврийн албанд дамжуулах үүрэгтэй. Албаныхны өгсөн мэдээллээр, уг тээврийн хэрэгсэлд хэн сууж явааг хянахгүй, харин уг тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний мэдээллийг л нэгдсэн системд хүргэх үүрэгтэй гэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)