Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, шийдвэр гаргалаа.
Тус аймагт энэ онд 19 сумын 101 багийн 8207 хот айлд 19.8 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.6 сая толгой мал өвөлжиж байна. Сумдад өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангуулах төлөвлөгөөг гаргуулж, хөдөө аж ахуйн салбарын бэлтгэлийг 91.3 хувь хангажээ.
Улсын хэмжээнд хийсэн зудын үнэлгээгээр Цэцэрлэг сум цагаан зудтай, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Цахир, Эрдэнэмандал сум нь цагаанаар зудархуу үнэлэгдэж, 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлчээрийн даац нутгийн 30 хувьд хүрэлцээтэй, 70 хувьд нь хэтрэлттэй байв. Тус аймагт энэ сарын 12-ны байдлаар 5-6 удаа цас орж, долоон суманд 10-17 см, Хайрхан, Төвшрүүлэх, Эрдэнэмандал Цахир, Жаргалант сумдын нутагт 20-25 см, бусад суманд 2-8 см цасны зузаантай нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон байна. Тус аймагт өвс тэжээл 28-33 мянга, ногоон тэжээл 22-25 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, “Засгийн газар, УОК-оос ойрын хугацаанд улсын нөөцөөс малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр орон нутагт нийлүүлэхэд бэлэн. Гурил, тэжээлийн үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, дотоодын хэрэгцээг тасралтгүй хангахад анхаарч байгаа” гэв.
Түүнчлэн, Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож, цас зудын үед хөдөө орон нутагт туулах чадвар сайтай “Ландкруйзер-78” автомашин нийлүүлэхийн зэрэгцээ аймгийн Онцгой комисс, бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад 25 тонн дизель түлшийг Улсын нөөцөөс олгохоор шийдвэрлэснийг ОБЕГ мэдээллээ.