Нийслэлийн 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл явган хүний зам тавьж байна. Ингэхдээ хүйтний улиралд бүтээн байгуулалтыг зогсоолгүй, технологийн горим алдахгүйн тулд зөөврийн хүлэмж ашиглажээ.
Тодруулбал, авто замын түгжрэлийг багасгах хүрээнд дөрвөн байршилд их багтаамжийн зогсоолыг явган хүний замын хамт байгуулж байгаа. Үүний нэг нь 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл 1.2 км урт, 3 метр өргөн, явган хүний зам тавих, авто зогсоол байгуулах ажил юм. Аравдугаар сард эхлүүлсэн энэ замыг барихдаа халтирдаггүй, барзгар чулуун хавтанг ашиглан, иж бүрэн гэрэлтүүлэг хийж, шилэн кабелийг сувагчилж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн, “Энэ жил хүйтний улиралд ажлаа зогсоохгүйн тулд бага оврын хүлэмж, халаагч ашиглан, хуурай технологиор явган хүний зам тавьж туршиж байна. Энэ туршилт амжилттай болбол дараа жилүүдэд цаг алдахгүй тохижилт, бүтээн байгуулалт хийх боломж бүрдэнэ. Нийслэлээс явган хүний замыг нэмэх, сайжруулахад анхаарч, өнгөрсөн оноос хойш 100 мянга орчим ам метр явган хүний замыг өргөтгөн, шинэчлээд байна” гэв.