Улаанбаатар хотод хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар нэмэгдэх бус өдөр ирэх тусам цөөрсөөр. Зав гарган очих газар нь кино театр, хүүхдийн паркаас хэтрэхгүй. Өглөөнөөс орой хүртэл ээлж солилцон хичээллэх хүүхдүүд, ажлын ачаалалдаа стрессдсэн эцэг, эхчүүдийн алжаалыг хэсэгхэн хугацаанд амраадаг нэг газар бол "Улаанбаатар" амьтны хүрээлэн байв.
Гэвч тус амьтны хүрээлэн өнөөдрөөс үйл ажиллагаагаа зогсоож байна.
Тухайлбал, 2017 оноос эхлэн хүүхэд багачуудын танин мэдэхүйд зориулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч долоон жилийнхээ босгон дээр үүдээ хааж байгаа нь харамсалтай. Уг амьтны хүрээлэнд нийт 90 гаруй зүйлийн амьтан байжээ. Үүнд 20 төрлийн жигүүртэн, 10 зүйлийн мэрэгч амьтан, 20 гаруй зүйлийн хоёр нутагтан болон хэвлээр явагч, 10 зүйлийн далайн мөн 20 орчим цэнгэг усны буюу акуавириумын амьтан, бусад 10 гаруй зүйлийн амьтадтай байв. Уг нь амьтны хүрээлэн байгаль дэлхийгээсээ өдөр ирэх бүр холдож буй биднийг байгаль эхтэй нь ойртуулдаг чухал орчин юм.
Тус амьтаны хүрээлэнгээс "Цар тахлаас хойш бид орлогоосоо давсан зардалтай маш олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардал болон ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих ямар ч боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа зогсоож буй мэдээг дуулгаж байгаадаа үнэхээр харамсалтай байна. Мөрөөдлийг минь биелүүлж, өнөөдрийг хүртэл бидийг дэмжиж, хүнд хэцүү үед хөнгөлөлт үзүүлж зарим тохиолдолд түрээсийн төлбөрөөс бүрэн чөлөөлж байсан түрээслэгчдээ маш их баярлалаа" гэжээ. Төр нь ААН, иргэдээ дэмждэггүй улсад орлогоосоо давсан зардалтай ААН, байгууллагууд урсгал зардал, ажилтан, албан хаагчдынхаа цалинг удаан торгоож тэсэхгүй нь лавтай.
Сэтгэгдэл (2)