2023 оны 12 дугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 17-нд Увс нуурын орчим, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд говь, талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 32-37 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм хүйтэн.
Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.