Монголын хүүхдийн оролцооны чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Энэхүү чуулганд аймаг, орон нутгаас 500 хүүхэд, нийслэл, дүүрэг, хүүхдийн оролцооны байгууллагуудаас 300 хүүхэд оролцож өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж буй. Иймд уншигч та бүхэнд Монголын хүүхдийн оролцооны чуулганы эргэн тойронд дахь мэдээллийг хүргэж байна.
Х.Булгантуяа: Хүүхдүүдийн шүүмжлэлтэй хандаж байгаа зүйлд төр засаг анхаарал хандуулах хэрэгтэй
Тэрбээр "Хүүхдүүдийн дэвшүүлж буй саналуудыг бид нийгэмд хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, "Эрүүл хүүхэд-эрүүл ирээдүй" гэдэг аяныг хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оролцоог хангах, хүүхдийн сурч хөгжих, амьдрах орчныг сайжруулах зэрэг саналуудыг гаргаж байна. Мөн үүнд хүүхдүүд өөрсдийн оролцоог хангаад явъя гэсэн.
Өнөөдрийн энэхүү чуулганыг төр засгийн байгууллагын гэхээсээ илүү хөтөлбөр, хэлэлцэх асуудал, уриалгаа гаргаад, нийгэмд юу хэлмээр байгааг хүүдүүд өөрсдөө гаргах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Бидний үйл ажиллагааг сайнтай, муутай л дүгнэж байгаа байх. Хүүхдүүдийн шүүмжлэлтэй хандаж байгаа зүйлд төр засаг анхаарал хандуулах хэрэгтэй" гэв.
"Хүүхдүүд сурч хөгжихийн тулд хүнд нөхцөлд амьдарч байгаа нь хэцүү санагддаг"
Арваннэгдүгээр ангийн сурагч О.Халиунаа "Би Японы хүүхдийн сангаас дэмжлэгтэй хөтөлбөрт хамрагддаг. Энэ хөтөлбөр зорилтот таван аймгийн 25 суманд хэрэгждэг. Үүнийг цаашид олон аймаг, сумдуудын хүүхдүүдэд хувь хүний ур чадвар болох зөөлөн ур чадварын боловсролыг эзэмшээсэй хэмээн хүссэж, энэ талаар төр засагтаа мэдэгдэхийг хүсэж байна.
Манай сумын хэмжээнд хүүхдийн хүчирхийлэл их байдаг. Ямар нэг хараа хяналт байдаггүй. Бусад сургуулиуд камертай байдаг бол манай сургууль камергүй.
Тийм учраас хүүхдийн хүчирхийлэл гардаг. Би сумынхаа дотуур байранд байдаг. Дотуур байранд буюу хүндрэлтэй орчинд амьдардаг. Тухайлбал, угаалгын өрөө байдаггүй, өвөл нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд гадна жорлонд бие засах хүндрэлтэй байдаг. Хүүхдүүд сурч хөгжихийн тулд хүнд нөхцөлд амьдарч байгаа нь хэцүү санагддаг" гэв.
"Гэр бүлийн хүчирхийлэл бол нийгэмд тулгамдаж байгаа томоохон асуудлын нэг"
"Бид одоогийн байдлаар дөрвөн санал хэлсэн. Тухайлбал, сургуулиудын спорт заалуудыг хүртээмжтэй, сурагчдад үнэ төлбөргүй олгох, ариун цэврийн байгууламжуудыг цэвэрхэн байлгах үүднээс түгжээтэй байлгах зэрэг асуудалыг хүргэж байна. Хүүхдүүд бид өөрсдөө үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг найз байя аяныг эхлүүлээд явж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд тулгамдаж байгаа томоохон асуудлын нэг" гэв.