Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 12 давхар Мөнх тауэр (Munkh tower)-ийг нураах шийдвэр гарсаар бүхэл бүтэн арав орчим жил өнгөрсөн байна.
Тус байр нь арын байрныхаа цонхыг хааж, нар тусах нөхцөлгүйгээр тулгаж барьсан барилга юм. Хохирогч болох 14 дүгээр байрны "цонхоо таглуулсан" иргэд хууль бус барилга хэмээн шүүхэд хандсан байдаг. Атал шүүхийн алх дуугарахгүй байсаар 2015 онд нураах шийдвэрийг гаргасан.
Гэвч "алх" цохиод ч нурааж чадсангүй. Өдгөө үнэнхүү нэр шиг ээ хуулийн дээр "мөнх" сүндэрлэж буй.
Шүүхийн шийдвэрээс хойш зургаан жилийн дараа 2021 оноос эхлэн оффисын зориулалтаар ашиглаж, түрээслэх болжээ. Тодруулбал, тухайн оны аравдугаар сарын 24-ны өдрөөс албан ёсоор зарж, түрээслүүлж эхэлсэн юм. Энэ нь мартуулж байгаад хөдөлж эхэлнэ гэдэг нь энэ.
Эл жишгийн дагуу бол "Авилга" хэмээх алдрыг зүүсэн "Aqua" хороолол тэргүүт барилгын эзэд буюу хууль зөрчигч, хуулийн дээр сандайлагч "боссууд" хотын захиргаатай шүүхдэлцэх болов уу. "Нураалгаж чадахгүй, хууль зөрчөөгүй" гэж нүдээ ч цавчихгүй яриад сууж байсан нь саяхан.
Нэгэнт боссон барилгыг газрын хөрстэй тэгшлэх нь босгохоосоо илүү зардалтай гэх нь бий. Гэвч нэг блок барилгыг нураахад "горойхгүй баян" биз ээ.
Шүүхийн шийдвэр гарч, давж заалдаж явна гэж төсөөлвөл ахиад хэдэн айл үерт автаж, хэчнээн үер буухыг хотын дарга Д.Сумъяабазар ч таашгүй.
Мөн өмнө долоо хоногт газрынх нь зөвшөөрлийг цуцалсан өчнөөн барилгыг шил дараалан нураах шийдвэрийг хотын зүгээс гаргалаа. Үүнийг "Шунхлай" ШТС, "S' outlet" зэрэг барилгууд тэргүүлнэ.
Нийслэл хотод үер бууж, олон хүний амь нас эд хөрөнгө хохирсны дараа "хууль бус газрын наймаа" гэж болохуйц хэргүүд бохир усанд угаагдан гарч ирлээ. Нийслэлээс хөрөнгө гаргаж нураахгүй л бол намрын сарын бороонд хот даяараа урсаж ч мэдэхийг бид харсан. Гэхдээ хууль зөрчигчдийг эрхлүүлэх шаардлага бий эсэх ч эргэлзээтэй.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)