Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Монголчуудын өн эртнээс өнөөг хүртэл уламжилж ирсэн соёлын чухал өв бол "Эрийн гурван наадам". Тэр дундаа хамгийн их хүсэн хүлээж үздэг нь үндэсний бөхийн барилдаан. Гэвч, жилээс жилд маргаан дагуулдаг бөхийн барилдааныг үзэх үнэнч үзэгчид цөөрсөөр байна. Учир нь цолны найраа, ёс зүйн зөрчил болон допинг гээд наад захын асуудлууд олны дургүйг хүргэж, тэр хэмжээгээр бөхчүүдийг хүндлэх хүндлэл, үнэлэх үнэлэмж ч буурсан. Харин энэ олон асуудалд нэр холбогдолгүй, үнэнчээр хичээж яваа цөөн хэдэн бөхийн нэг бол Монгол Улсын 24 дэх аварга Пүрэвийн Бүрэнтөгс.
Тэрбээр 2012 оны наадамд аймгийн арслан цолтой барилдан түрүүлж "Улсын арслан" болсноор Увс нутгийнхан төдийгүй монголчууд тэр аяараа баярлан бахадсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ л үеэс эхлэн олон түмний хайрлан хүндэлдэг бөхчүүдийн нэг болж, улмаар 2020 онд дахин түрүүлж Монгол Улсын АВАРГА цол хүртсэнээр дэмжигч олныхоо сэтгэлийг дахин баясгасан.
"Үнэн хүчийг үзэн барилдъя" хэмээн бөхийн цолонд хэлдэгчлэн тэр үнэхээр жудаг заан, Монгол бөхийн дэвжээнд чимэг болж яваа хүчтэнүүдийн нэг. Тиймдээ ч "Залуу бөхчүүд намайг даваад урам аваг. Гэхдээ би хэзээ ч хэнд ч худлаа унахгүй. Олон түмний хайр, хүндлэл л хамгийн том шагнал. Олны хайр, хүндлэлийг өчүүхэн ч сэвтээлгүй дааж явах их чухал" хэмээн нэг ярилцлагадаа онцолсон байдаг.
П.Бүрэнтөгс 2020 онд аварга болсныхоо дараа "зөвхөн Увсын аварга биш Улсын аварга" гэдгээ харуулж "Бүрэн Монгол" төслийг санаачилсан билээ. Энэхүү төслийнхөө талаар "Монголчууд бид эвтэй байхдаа дэлхийн талыг эзэгнэж байсан хүчтэй ард түмэн. Спорт ч гэсэн эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Гэсэн ч сүүлийн үед үндэсний спорт маань талцал, хагарлын талбар болоод байна. Иймд бид бүхэн үндэсний өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Надад үндэсний өв соёлыг тээсэн аварга гэдэг эрхэм нэр төр минь хангалттай.
Энэ нэр төрөө цэвэр авч явж, нийгэмдээ сайн сайхныг түгээх хүслээр эдгээр ажлыг хийж байгаа" гэж тайлбарлажээ.
Улмаар 2021 оноос энэхүү төслөө эхлүүлж, 2022 оны наймдугаар сарын 1-нд Увс аймагт нээлтээ хийснээр нийт 45 хоногийн хугацаанд Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор зэрэг 13 аймагт “Бүрэн Монгол гэр” төслийг хэрэгжүүлсэн бол 2023 оны наймдугаар сарын 4-нөөс Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон зэрэг үлдсэн аймгуудад ажиллаж, хамгийн сүүлд, наймдугаар сарын 15-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо төслийн хаалтыг амжилттай хийж дуусгасан юм. Тиймийн учир П.Бүрэнтөгс аварга болон "Бүрэн Монгол" төслийнхнийг энэ долоо хоногийн онцлох хүнээр нэрлэж буй.
"Бүрэн Монгол" төслийн хүрээнд зохион байгуулж буй "Бүрэн Монгол гэр" төсөл нь 21 аймагт амжилттай хэрэгжиж, аймаг бүрээс нэг залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай, зургаан ханатай гэр болон бусад шаардлагатай эд зүйлсийг өгч, мөн нутгийн удирдлагууд, сайхан сэтгэлт иргэдтэй хамтран тухайн өрхийн эздийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих зэрэг олон бодит ажлуудыг хэрэгжүүлсэн юм.
Уг төсөлд хөдөлмөрч хичээнгүй, зорилгынхоо төлөө идэвхийлэн ажиллаж байгаа ч амьдралын түвшин доогуур өрхүүдийг сонгож хамруулсан билээ.
Зорилтот биш зорилготой гэр бүлийг дэмжиж, зөв хандлага, зөв жишгийг нийгэмд түгээхийг эрхэмлэсэн энэ үйл хэргийг нутгийн иргэд, хөдөлмөрчид онцгойлон сайшааж, дэмжин хамтарч, төслийн баг хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байлаа.
Орон даяар хэрэгжүүлсэн энэхүү төсөлд 21 өрх хамрагдсан ч эдгээр өрх бүрийн цаана хэчнээн хүний сэтгэл тэнийж, энэ үйл хэргээр хэчнээн залууст үлгэрлэж буйг таахын аргагүй.
Олон залуусын сэтгэлд гал, харцанд гэрэл нэмсэн “Бүрэн Монгол” төслийг санаачлагч П.Бүрэнтөгс аварга ийнхүү санаачилсан ажлаа “Бидний Бүрэн Монгол ТББ”-ын санаа нэг нөхдийн хамт амжилттай хэрэгжүүлж, эхлүүлснээ дуусгалаа. Гэвч, энэ бол “Бүрэн Монгол” төслийн эхлэл гэдгийг мөн онцолъё.
Р.Батхишиг
Сэтгэгдэл (6)