-
2016 оны 10 сарын 05
Хотын Ерөнхий менежер нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогыг Нийслэлийн Засаг даргад танилцууллаа.
-
2016 оны 10 сарын 05
Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихээр гарах болжээ. Ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна. 2015 оны аравдугаар сараас 2016 оны аравдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд л гэхэд манай улсын 60 иргэн БНХАУ-д зорчих хугацаандаа хулгайн гэмт хэрэгт холбогдон нэг жилээс гурван жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэгдсэн байна.
-
2016 оны 10 сарын 05
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран хөдөлмөрийн маргаан, гэр бүл, газартай холбоотой асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Энэ арга хэмжээ маргааш буюу энэ сарын 6-нд болох бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 13:30-17:30 хооронд болох юм. 10 гаруй өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй баг Эрүү, иргэн, захиргааны чиглэлээр иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
-
2016 оны 10 сарын 05
УИХ-ын намрын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон 2018-2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх юм.
-
2016 оны 10 сарын 05
Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/652 дугаар захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг зохион байгуулах талаар Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ. Өдөрлөг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна.
Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, клубүүд, Олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбоо, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын V наадамд оролцогч иргэд, Нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл 2000 гаруй хүн оролцоно. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Их талын дуулиан” ТББ, фитнесийн болон спортын клубүүдийн удирдлагууд, төлөөлөгчид оролцоно. Харин өдөрлөгийн эхэнд Монгол Улсынхаа нэр хүндийг ”Рио-2016” зуны XXXI олимпийн өндөрт өргөж, төрийнхөө далбааг тив, дэлхий, олимпийн тэнгэрт мандуулж амжилт гаргасан тамирчдыг нийслэлийн шагналаар шагнах ёслолын ажилллагаа болох юм байна.
Уран сайхны гимнастик, спортын гимнастик, спорт бүжгийн баг тамирчид үзүүлэх тоглолтуудаа иргэдэд үзүүлж сонирхууллахаас гадна иргэдийн дунд хөл бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, софт теннис, ширээний теннис, үндэсний шагай няслах, шүүрэх, морь уралдуулах зэрэг тэмцээн зохиохоор төлөвлөжээ.
Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч Д.Мөнхсаран “Өдөрлөгийн гол арга хэмжээ болох бүх нийтийн гүйлт 10-р сарын 8-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Гүйлтийн орлогоос олсон бүх орлогыг Улсын хэмжээний Олон улсын сургууль байгуулахад зарцуулна. Багш, оюутан, сурагчид гүйлтэд идэвхтэй оролцож, зуны англи хэлний багш, сурагч солилцоо хөтөлбөр болон зуны ярианы англи хэлний сургалтад хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой болно.” гэсэн юм. Үндэсний бүх нийтийн гүйлтийг цаашид жил бүрийн намар зохиохоор төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 05
Агентлагийн дарга нарын шалгалт болно
-
2016 оны 10 сарын 05
Уушгины хатгалгаа үүсгэдэг 13 үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хийж байна.
Өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн уг вакцинд 12 мянга гаруй хүүхэд хамрагдсан гэдгийг Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын нэгжийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь хатгаа өвчний хүндрэлээр нас барж байгаа аж. Манай улсын хувьд жилд 0-5 насны 27 мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр хүүхдийн 10-аад мянга нь амьсгалын замын өвчнөөр өвчилдөг бол, дөрвөн мянга орчим нь уушгины хатгалгаагаар өвддөг гэсэн судалгаа байдаг аж. Үүнээс харахад хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгааны нэгд уушгины хатгалгаа орж байгаа юм.
Мөн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оноос хойш тууштай буурч байгаа боловч нийт эндэж байгаа тав хүртэлх насны хүүхдийн 17 хувь нь хатгалгаа өвчин эзэлж байгаа аж.
Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококкийн эсрэг вакцин (ПКВ)-аар дархлаажуулах гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганы зөвлөмжид тусгасан байдаг.
Тиймээс уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хатгалгааны тохиолдлыг бууруулах, бага насны хүүхдийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой уг вакциныг өвчлөл өндөртэй дээрх хоёр дүүрэгт хийж байгаа юм.
Бага насны хүүхэд эцэг эхчүүд өрхийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл авч товлолд заасан насны хүүхдээ дээрх вакцинд хамруулахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
Вакциныг Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаар дамжуулан авч буй бөгөөд өртөг өндөртэй вакцины тоонд ордог аж.
Эхний ээлжинд Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хийж эхэлсэн пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг цаашид товлолын вакцинд оруулах юм байна.
-
2016 оны 10 сарын 05
Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр бөгөөд энэ тэмдэглэлт өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг.
Манай улсын хувьд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар тогтжээ.
Энэ жилийн “Багш нарын өдөр”-ийн нээлт 10:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт албан ёсоор эхлэх аж. Энэ үеэр оны тэргүүний 5 багш, цэцэрлэг, сургуульд шагнал гардуулна юм.
-
2016 оны 10 сарын 05
Улаанбаатар хотод орчин цагийн боловсролыг хөгжүүлэх үйлсийг удирдан зохион байгуулдаг “Нийслэлийн Боловсролын газар байгуулагдсаны түүхэн 85 жилийн ой” энэ өдрүүдэд тохиож байна. Тус газраас ойн баяраа угтаж 85 бүтээлч ажлыг хэрэгжүүлжээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 618 цэцэрлэгт 100 728 хүүхэд, ерөнхий боловсролын 220 сургуульд 236 973 сурагч суралцаж 25 413 багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж байгаа юм байна.
Нийслэлийн Боловсролын газрын баярын хүндэтгэлийн хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд 14:00 цагаас болно. Баярын үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын сургалтын “Шилдэг хэрэглэгдэхүүн” үзэсгэлэн гаргаж, “Нийслэлийн тэргүүний төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг”, “Боловсролд ээлтэй Засаг дарга” нарыг шалгаруулан шагнал гардуулах юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 05
Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд “Грандмед” эмнэлэг Хан-Уул дүүргийн иргэдэд, “Ачтан” эмнэлэг Баянгол дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо.
“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-д зааснаар даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульд заасны дагуу тухайн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага үзүүлэх бөгөөд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас давсан, эсхүл өндөр технологи бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлж болно, гэж заасан байдаг байна.
Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээнд дотрын өвчний, мэдрэлийн тогтолцооны өвчний, нүд, чих, арьс ба халимын, яс, булчин, холбох нэхдэсийн өвчний, яаралтай бус гэмтэл, мэс заслын өвчний тусламж үйлчилгээ хамаардаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 05
Өдгөөгөөс хоёр жилийн ажил үүргээ гүйцэтгэж явсан жирийн нэгэн залуу шунахай нэгний золиос болж, алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. одруулбал “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ийн борлуулагч Г.Пүрэвсүрэн гэгч дэлгүүрүүдэд бараа түгээж явсан зэл залуухан Б.Алтанхуягийг шунахай сэдлээр амийг нь бүрэлгэж, улмаар цогцсыг нь Налайх дахь уурхайн цооногт хийсэн аймшигт хэрэг үйлдэж олны сэтгэлийг сэрдхийлгэж байсан. 10 гаруйхан сая төгрөгийн төлөө бусдын амийг бүрэлгэсэн Г.Пүрэвсүрэнд шүүхээс түүнд 24 жилийн хорих, 16 сая төгрөгийн хохирол барагдуулах ял ногдуулсан юм.
-
2016 оны 10 сарын 05
Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг сан ОРОН НУТГИЙНБАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна.
Зориг сангийн БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ хөтөлбөр нь зургаан жилийн турш хэрэгжихдээ 120 гаруй залуусыг хамарсан бөгөөд манлайлах чадварт суралцах, байгаль орчны салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжийг олгодгоороо онцлогтой. Энэ удаад бид хөдөө орон нутагтажиллаж амьдарч байгаа залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор анх удаа ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-өө зарлаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн байгаль орчны хөгжлийн асуудлуудтай цогцоор нь танилцан олон талын чадваруудыг эзэмшиж цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.
Оролцохыг хүсэгчид нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа, 22-29 настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай. Хөтөлбөр2016 оны 11-р сарын 7-ноос 18-ны хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг Зориг сан хариуцна.
Шалгаруулалт нь хоёр үе шаттай явагдана:
1. Эссе болон онлайн өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчидтай 10 сарын 24-ны өдөр утсаар холбогдоно.
2. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудтай10 сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос утсаар холбогдож ярилцлаганд оролцуулна.
Хөтөлбөрийн лавлах утас: 315444, 99058192
Өргөдлийн маягтыгwww.zorigfoundation.orgболон Zorig Foundation фэсбүүкхаягаар дамжуулан онлайнаар бөглөх бөгөөд2016 оны 10 сарын 19-ний өдрийн Улаанбаатарын цагаар18 цаг хүртэл хүлээн авна.
Өргөдлийн маягтыг https://form.jotform.me/62521494212449холбоосоор бөглөнө үү.
ZORIG FOUNDATION “RURAL ENVIRONMENTAL FELLOWSHIP PROGRAM”
We invite young people who wish to make positive contribution to their communities as well as their personal development to participate in the RURAL ENVIRONMENTAL FELLOWSHIP PROGRAM.
The ENVIRONMENTAL FELLOWSHIP PROGRAM has been running successfully for 6 years and has graduated over 120 young people and offers participants opportunities to improve their leadership skills, and network with enviromental leaders. To support youth from rural areas, Zorig Foundation initiated RURAL ENVIRONMENTAL FELLOWSHIP PROGRAM for the first time.
Program participants will increase their understanding and awareness of broad environmental issues affecting Mongolia, strengthen their leadership and communication skills and build a network with fellow young professionals from various sectors.
To apply you must be currently living and working in rural areas, between the age of 22-29, and have graduated from university. The program will take place from November 7-18, 2016 in Ulaanbaatar for two weeks. Accommodation, meals and transportation to and from Ulaanbaatar will be covered by Zorig Foundation.
Selection process will consist of two stages:
1. Initial selection will be based on essay and online application. Candidates selected from this stage will be contacted on October 24th, 2016.
2. Phone interview will be conducted with selected candidates on October 25-26th, 2016.
Please contact us at: 11-315444, 99058192
For more information please visitwww.zorigfoundation.org and Zorig Foundation Facebook page and application deadline is at October 19th, 2016 at 6:00pm.
Please fill out the application form through https://form.jotform.me/62521494212449.
-
2016 оны 10 сарын 05
Өнөөдөр маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
-
2016 оны 10 сарын 04
Увс аймагт бүх чиглэлдээ цас орж байна. Зам даваа саадгүй байна.
-
2016 оны 10 сарын 04
Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд энэ сарын 31-ний өдөр амарна.
Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон. Үүний дагуу Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
-
2016 оны 10 сарын 04
Эрүүл Мэндийн сайдын 2016 оны 09 сарын 22-ны А/54, А/55 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоног, улаанбурхан өвчнөөс сэргийлэх ажлууд улс орон даяар 2016 оны 10 дугаар сарын 03-13 өдрүүдэд зохион байгуулж байна.
-
2016 оны 10 сарын 04
Ховд аймгийн хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг дахин долоо хоног үргэлжлүүлэхээр боллоо.
-
2016 оны 10 сарын 04
Хүүхдийн 20 мянган төгрөгийн санхүүжилт шийдэгджээ. Өнгөрсөн зургадугаар сараас хойш олгогдоогүй зогссон хүүхдийн 20 мянган төгрөгийг зорилтод бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувьд нь бэлнээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.
Тэгвэл өчигдөр Сангийн яамнаас санхүүжилтийг нь Монгол банк руу шилжүүлсэн гэдгийг албаныхан хэлэв. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгодож эхэлнэ гэсэн үг юм. Харин 7,8,9 сарын мөнгийг бөөнд нь өгөхүү, цувуулж өгөх үү гэдгийг Нийгэм, хамгааллын яам болон Монголбанк шийдэх юм байна.
-
2016 оны 10 сарын 04
Нийслэлийн долоон дүүрэг, 21 аймагт амьдарч байгаа 6-35 хүртэлх насны хүмүүсийн дунд улаанбурханы дархлал тогтоцын түвшингийн судалгааг явуулахаар болжээ.
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын өвчний хяналтын төв, Үндэсний статистикийн хороо хамтран дээрх судалгааг явуулах 6030 өрхийн 4000 хүнийг хамруулах юм байна.
Дээрх байгууллагуудын төлөөлөл бүхий 120 баг 10, 11-р сард бэлтгэл ажлаа хангаж улмаар судалгааг эхлэнэ.
Өнгөрсөн онд улаанбурхан өвчний дэгдэлт гарч улмаар 18-30 насны иргэдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Тэгвэл энэ удаагийн судалгаагаар энэ өвчний эсрэг дархлаа ямар байна дараагийн вакциныг хэзээ, ямар насныханд хийх вэ гэдгийг тогтоох ач холбогдолтой гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны судлаач В.Байгаль хэлж байна.
Дээрх судалгааны санхүүжилтийг ДЭМБ-аас гаргана. Судалгаагаар дараагийн дархлаажуулалтын тов болон насыг тогтоох тул иргэдийг судалгаанд идэвхтэй оролцохыг мэргэжлийн байгууллагуудаас хүслээ.
-
2016 оны 10 сарын 04
Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 305 хүн амь нас алджээ. Эдгээрийн 45 нь хүүхэд аж. Мөн ослын улмаас 954 хүн гэмтэж, 174 хүүхэд бэртсэн байна.