-
2016 оны 10 сарын 12
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал дүгнэлт өгөх, төрийн бүх шатны байгууллагаас нийт ард иргэдийн мэдээлэл авах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөмж гаргаснаа өнөөдөр Авлигатай тэмцэх газарт өглөө.
Уг зөвлөмжид ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг тусгажээ. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын байранд иргэд чөлөөтэй нэвтэрч, тус байгууллагаас авах шаардлагатай зөвлөгөө, туслалцаа, баримт мэдээлэл авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааныхаа талаар тогтмол хугацаанд иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх ажлыг хэвшүүлэх, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, судалгаа сургалт зохион байгуулах зорилгоор “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн төв”-ийг дэргэдээ байгуулж ажиллуулах, Авлигын эсрэг хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт байгаа баримт, мэдээ сэлтийг “Авлигын талаарх мэдээллийн нэгдсэн цахим сан” болгон эмхлэх, хуулиар хориглосноос бусад мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй тайлагнах боломжийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд дэлгэрэнгүй задаргаатайгаар нийтэлж хэвших, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай мэдээллийн нээлттэй байдлыг хангах шаардлагатай гэсэн байна.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал зөвлөмжийг хүлээн аваад “Энэ бол цаг үеэ олсон зөвлөмж байна. Бид авлигатай тэмцэх чиглэлээр стратегийн өөрчлөлт хийе гэсэн эрмэлзэлтэй ажиллаж байгаа. Сая УИХ-ын дарга М.Энхболд намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж батлах тухай онцолсон. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой заалтууд орсон. Төр, засгаас авлигатай тэмцэх чиглэлээр ийм тодорхой хүсэл зоригтой байгаа цаг үед авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг оролцуулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн хяналт тавих чиглэлээр Олон нийтийн зөвлөлөөс зөвлөмж өгч байгаад сайшаан хүлээн авч байна. Нийтийн албанд ажиллаж байгаа хүн бүр нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах ёстой. Үүний тулд иргэд, олон нийтийн хяналтад байх нь зайлшгүй. Тиймээс Авлигатай тэмцэх газар та бүхний өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно” гэж хэллээ.
-
2016 оны 10 сарын 12
Өнөөдрийн байдлаар Монголын нууц товчооны төгсгөлийн бүлэг болох 108 дахь метр эсгийг оёж, өнгөнд оруулж будах ажилдаа оржээ. Тус бүтээлийг урлахад нийт нэг сая 994 мянган метр тэмээний утас орсон бөгөөд 13 аймгийн 2600 гаруй үйлчин буюу ойрад, буриад, урианхай, торгууд, үзэмчин зэрэг 24 бага ястан оролцсоноороо онцлогтой.
Тус бүтээлийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхэд нийт 37 сая төгрөг шаардлагатай аж. Үүнд “Гиннесийн амжилт”-ыг бүртгэх байгууллагын хүмүүсийг урьж авчрах, талбай дээр үйл ажиллагаа зохион байгуулах (зочид буудал, онгоцны тийз, хоол унд, орчуулга) зэрэг зардлууд багтсан байна. Энэхүү урлалыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон Хэнтий аймгийн ЗДТГ бодлогоор дэмжин ажиллаж байгаа юм.
Энэхүү түүхэн бүтээлийг урлан бүтээж буй уран гарт урчууддаа сэтгэлийн дэм хайрлаж “1000 ТӨГРӨГ-1000 УРАМ” аянд нэгдэхийг нутгийн зон олон уриалав. “Монголын нууц товчоо” бүтээлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 9476-1412, 9144-6944 утсаар холбогдон тодруулж болох юм байна.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.
Сургалтаар хорт утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах юм.
Сургалтын удирдамж, хөтөлбөр батлагдан гарсан тул та бүхэн доорх холбоосоор татаж авна уу.
-
2016 оны 10 сарын 12
Нийслэл Улаанбаатарт багавтар үүлтэй, салхи 7 метр секунд, 9 хэм дулаан байна. Харин шөнөдөө 5 хэм хүйтэн байх аж.
Тав хоногийн байдлаар цаг агаар дулаарч 15 хэм хүртэл халах ч амралтын өдрүүдэд 2 хэм хүртэл хүйтэрч цас орно гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 12
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд боомтод ажиллажээ. Энэ үеэр Эрээн хотын даргатай уулзалт хийж, тодорхой асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр болсон байна.
Тодруулбал, Замын-Үүд боомтод орчин үеийн жишиг, стандартад нийцсэн ариутгалын пунктыг Эрээн хотын нэг сая юанийн буцалтгүй тусламжаар барьж ашиглалтанд оруулах асуудлыг шийджээ.
Ингэснээр улсын хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг ариутгах пунктын үйл ажиллагаа сайжирч, стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна.
-
2016 оны 10 сарын 12
Элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
-
2016 оны 10 сарын 12
2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.
10 дугаар сарын 11-ны байдлаар 75.1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 275.8 мянган га-гаас 401.6 мянган тонн үр тариа, үүнээс 393.6 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 140.7 мянган тонн төмс, 7.0 мянган га-гаас 81.8 мянган тонн хүнсний ногоо, 16.6 мянган га-гаас 39.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-гаас 10.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Шинэ ургацаас нийтдээ 135.0 мянган тонн буудай борлуулагдсанаас ТЭДС-д 36.0 мянган тонныг аваад байна.
Ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч, 180 оюутан, нийтдээ 1130 хүн гэрээгээр ажиллаж байна.
Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр:
14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Ургацын төв штаб
-
2016 оны 10 сарын 12
Баянгол дүүргийн 18-р хороонд өнөөдөр нэгэн шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. Тус цэцэрлэг нь 1962 онд 11-р цэцэрлэг нэртэйгээр, 6 бүлэг 180 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр барих шийдвэр 2015 онд гарсан байна.
Цэцэрлэгийн шинэ барилгыг “Урагшлах” ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд нийслэлийн төсвөөс 1 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.
Өмнө нь 6 бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан тус цэцэрлэг өнөөдөр 8 бүлэг 240 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжлөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 12
Гурав дахь жилдээ хэрэгжээд байсан “Тогтвортой амьжиргаа” төслийн 21 аймаг дахь Сум дэмжих багуудын 105 ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ. Энэ тухай Ховд аймгийн СДБ-ын ахлагч С.Эрдэнэчимэг, Архангай аймгийн ахлагч Д.Батсайхан, Баянхонгор аймгийн ахлагч Д.Бямбасүрэн нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл байна.
“Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд сум дэмжих баг нь аймаг бүрт таван хүний гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Тодруулбал, хяналт үнэлгээний мэргэжилтэн буюу багийн ахлагч, санхүү төлөвлөлтийн мэргэжилтэн, иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн, бүтцийн шинэчлэлт хариуцсан мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй баг нэг аймагт ажилладаг байсан аж. Улмаар 21 аймгийн 105 мэргэжилтэнг бүтцийн өөрчлөлт хийх болсон үндэслэлээр ажлаас нь халжээ. Ажлаас халах шийдвэрийг өнгөрөгч сарын 28-нд гаргасан байна.
Ажлаас халагдсан иргэд нэг сая 200 мянган төгрөгийн цалин авдаг байжээ. Тэд эрх ашгаа хамгаалахаар 11 аймгийн 47 төлөөлөгч Улаанбаатар хотноо ирсэн байна. Хууль бус шийдвэр гаргасан байгууллага шийдвэрээ эргэн харах хүртэл Олон улсын байгууллага, Хүний эрхийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдэв.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
Улсын хилээр гарах иргэдийн тоо өнгөрөгч зургадугаар сард нэг сая 40 мянга байжээ. Тэгвэл гадагшаа гарсан иргэдийн тоо сүүлийн гурван сард 40 дахин нэмэгдсэн аж. Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард нэг сая 227 мянга хүрсэн бол наймдугаар сард нэг сая 461 мянга болж өссөн гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв. Гэхдээ үүнд зөвхөн манай улсын иргэд биш гэнэ. Дээрх тоо баримтад гаднын жуулчид ч орж байгаа юм.
Иргэд гадны улсыг зорих болсон шалтгааныг нийгэм эдийн засгийн байдал хүндэрч, тогтвортой ажиллах боломжгүй болон өрхийн нэг сарын зарлага орлогоос давсантай холбон тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, иргэд амьдрах орчин нөхцөл муудаж буй хүндрэлийг давахын тулд дээд боловсролтой ч өндөр цалинтай хар ажил хийхээр хилийн дээс алхах болжээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард 191 бүртгэгдсэнээс 189 буюу 99.0 хувь нь үйлдвэрлэлийн осол, хоёр буюу 1.0 хувь нь хурц хордлого байна
-
2016 оны 10 сарын 12
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнийн индекс 2015 оны мөн үеийнхээс 8.3 хувиар, өмнөх улирлынхаас 2.6 хувиар буурчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 5.5 хувь, Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт 6.1 хувь, Баянзүрх дүүрэгт 7.3 хувь, Баянгол дүүрэгт 9.5 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 11.9 хувиар, харин өмнөх улирлынхаас Баянгол болон Хан-Уул дүүрэгт 2.4 хувь, Баянзүрх дүүрэгт 2.5 хувь, Сүхбаатар дүүрэгт 2.7 хувь, Чингэлтэй дүүрэгт 2.8 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 2.9 хувиар буурсан байна.
1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнийн индекс 2016 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 6 дүүрэгт 3.6-7.8 хувиар, 1970-2001 оны орон сууцных 4.8-11.8 хувиар, 2002 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных 6.2-14.7 хувиар тус тус буурсан байна.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад хүлээлгэн өгөв.
-
2016 оны 10 сарын 12
Энэ сарын 13-14-ны өдрүүдэд цэргийн жинхэнэ албанд татагдахаар зарлан дуудах хуудас авсан Гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдийн материалыг авна. Маргааш I-X хорооны, 14-ний өдөр XI-XX хорооны иргэдийг 08:30-17:30 цагийн хооронд дүүргийн Засаг даргын Тамгын газрын НЭГ ЦОНХ-ны үйлчилгээнд хүлээн авах юм. Гадаадад байгаа иргэдийн хувьд тухайн ээлжний цэрэг татлагаас чөлөөлөхийн хүссэн өргөдөл / Хорооны Засаг даргын цохолттой байх шаардлагатай/, Суралцаж байгаа сургуулийн топорхойлолт, Визний хуулбар, хараар ажиллаж, сурч гадаадад байгааг тодорхойлсон төрсөн эцэг /эх/-ийн өргөдөл /иргэний үнэмлэхний хуулбартай/ зэрэг материалыг бүрдүүлэх юм байна. Дашрамд дурдахад өнгөрсөн онд бүрдүүлж өгсөн материал архивт орсон тул шинээр бүрдүүлж өгөх шаардлагатай аж. Тухайн иргэний материалыг ар гэрийн гишүүн нь бүрдүүлж ирэх юм.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
Цус сэлбэлт судлалын үндэсний төв маргааш ”Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 10 сарын 12
Энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд 59,042 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 59,320 болжээ. Өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 1,472 буюу 2.4 хувиар, амьд төрсөн хүүхэд 1,529 буюу 2.5 хувиар буурсан байна.
-
2016 оны 10 сарын 12
Саажилттай хүүхдүүдийн цэцэрлэгийн оронд 108 төв утасны төвийг байгуулна
Манай улсад саажилттай хүүхдүүдэд зориулсан сувиллын ганцхан цэцэрлэг байдаг. Гэвч уг цэцэрлэг нь сүүлийн хэдэн жил өөрийн гэсэн байргүй өөр цэцэрлэгийн хаяанд үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Тодруулбал, Нийслэлийн сувиллын аравдугаар цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул буулгах шийдвэрийг мэргэжлийн хяналтаас гаргасан юм. Үүнээс хойш нийслэлийн 58 дугаар цэцэрлэг буюу “Өнөр бүл” гэх улсын асрамжийн төвийн зүүн жигүүрт тусгай асаргаа сувилгаа, сэргээн засалт шаарддаг 120 хүүхэд дөрвөн өрөөнд толгой хорогдсоор өнөөдрийг хүрчээ. Гэвч сүүлийн үед энэ дөрвөн өрөөнөөсөө хөөгдөх болсон байна. Тодруулбал нийслэлийн Боловсролын газраас 10 дугаар цэцэрлэгийг дөрвөн өрөөгөө яаралтай суллах шаардлагатай гэж мэдэгджээ.Тэднийг ийн хөөх болсон нь тухайн байранд тусгай дугаарын 108 утасны төвийг байгуулахаар болсон явдал аж.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
Өчигдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг Тахилтын даваа гэдэг газар H.Sonata маркийн авто машины жолооч О нь Dongfeng маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 38 настай эмэгтэй Б, 03 настай эмэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна. Энэ сарын 11-ны өдөр буюу тус өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 350 дуудлага, мэдээ хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн аж. Зам тээврийн осолд сургуулийн насны 5 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлэн журамлажээ.
Иймд Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
-
2016 оны 10 сарын 12
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлага энэ сарын 3-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
-
2016 оны 10 сарын 12
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Үндэсний агуулгыг дэлхийд” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “Монгол контент” компанитай хамтран хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын талаар судалгаа явуулж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд 2015 оны байдлаар өсвөр насныханд чиглэсэн чөлөөт цаг өнгөрүүлэх 389 газар, талбай, төв байдаг гэж бүртгэгдсэн байна. Тодруулбал усан спортын төв 18, чийрэгжүүлэх клуб 37, хүүхдийн зуслан 22, спорт цогцолбор 22, сургалтын төв 50, үзвэр үйлчилгээний газар 44, кино театр 7, мөсөн гулгуур 23, спорт талбай 134, өдөр өнжүүлэх 50 байдаг байна.
Нийслэлд 13-18 насны 53 700 хүүхэд байгаа бөгөөд тэдний 30 хувь нь л дээрх газар, төвүүдээр чөлөөт цагаа өнгөрөөдөг гэсэн судалгаа байгаа юм. Иймд өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжлийг дэмжих орчин үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор БИД ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ? судалгааг сонирхолтой хэлбэрээр явуулж эхэллээ.
Хүүхдүүд та бүхэн www.yolo.mn цахим хуудсаар дамжуулан энэхүү судалгаанд оролцох боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.