
-ДЦС III-ын трансформаторт гал гарсан гэсэн. Яг хэдэн цагийн үед гал гарсан бэ?
-Өчигдөр орой 20.57 цагт Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Дулааны цахилгаан станц гурав ТӨХК-ийн хашаанд байлаж байгаа Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит компанийн 35/110 кВ-ын ил хуваарилах байгууламжийн Т1 трансформаторт гал гарсан.
-Гал гарах үед трансформатор нь ажиллаж байсан уу. Гал унтраах анги газар дээр нь хэдэн минутын дараа очсон бэ?
-Тухайн үед трансформаторт засварын ажил хийж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл хүчдэлд холбоогүй буюу үйл ажиллгаагаа хийгдээгүй байсан гэсэн үг. Галын дуудлага онцгой байдлын гарт 20.57 цагт ирсэн. Улмаар 21.04 цагт анхны гал унтраах анги газар дээр нь очсон. Гал гарсан газар өндөр хүчдэлтэй аюултай газар, Т1 трансформатор дотор дан тосоор хөргөлтийн ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, 40 орчим тонн тос сэлгэлт хийгдэж байдаг төхөөрөмжтэй. Тиймээс тос нь дөллөж шатаад, маш аюултай нөхцөл байдал үүссэн байсан.
-Нэлээн олон гал унтраах анги ажилласан гэсэн. Галыг хэр хугацааны дараа аюулгүй болгож чадсан бэ?
-Ийм төрлийн галыг ганцхан усаар унтраадаггүй. Зөвхөн хөөсөөр унтраадаг учир нэмэлт хүч шаардлагатай байсан. Тиймээс дөрвөн гал унтраах ангийн таван тасгийг гаргасан. 75 албан хаагч, есөн автомашин болон бусад техник хэрэгсэлтэйгээр, 1650 литр хөөс, 35.8 тонн ус зарцуулсан. Улмаар 21.28 цагт галын тархалтыг зогсоосон. Тиймээс алба хаагчид шуурхай ажиллаж 24 минутад галыг аюулгүй болгосон гэсэн үг. Нийтдээ бол нэг цаг 20 минут ажиллаж галыг бүрэн унтрааж дууссан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
-Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоосон уу?
-Одоогийн байдлаар хохирлын тоо хэмжээ гараагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй ч дотроо бага хэмжээний хүчдэл цахилгаан байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Гэхдээ биднийг очиход инженер техникийн ажилчид арга хэмжээ аваад хүчдэлгүй болгочихсон байсан. Биднийг очиж ажиллахад ямар ч байсан хүчдэл байхгүй галыг унтраах боломжтой гэж хэлсэн учир ажиллагаа явуулсан. Хэрэв хүчдэлтэй байсан байсан бол галыг унтраахад маш бэрх буюу бараг боломжгүй байх байлаа. Тиймээс цаашид юунаас болж гал гарсан, тухайн үедээ хүчдэлтэй байсан эсэхийг цагдаагийн байгууллага олж тогтоох байх.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)