Тогос мэт сайхан зүс, алтан гургалдай шиг уянгалаг хоолойгүй ч урт нас, ухаан хоёроороо илүүрхэх хэрээ шувуу хүмүүс бидний ил задгай хаясан хоолны үлдэгдэл, хог, сэг зэмээр хооллодог учир бохирдлыг илэрхийлэгч болдог байна. Өөрөөр хэлбэл, хэрээ шувуу олшрох тусам бохирдол ихтэй байгааг илэрхийлдэг. Улаанбаатар хотод 500-1,300 гаруй бие гүйцсэн алагтуу хэрээ өвөлжиж болохыг судлаачид тогтоожээ. Хэрээ хамгийн их цугладаг газар нь Цэргийн эмнэлэг, Улаанбаатар-Эрдэм оюу дээд сургууль, Үйлдвэр комбинат, ОХУ-ын элчин сайдын яам, 2 дугаар дунд сургуулийн орчин мөн бөгөөд өвөлдөө хогийн цэгүүд, ил задгай хогтой, бохир газар цуглардаг байна.