Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барьж ашиглалтад оруулах” тухай бүтээн байгуулалтын ажлыг тусгасан. Улмаар өнгөрөгч бямба гаригт тус чиглэлин хурдны замын концессын гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн Ерөнхийлөгч С.Отгонбаатар нар гарын үсэг зуржээ.
Гэрээ нь концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих бөгөөд концесс эзэмшигч нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 1000 км транзит тээврийн хурдны автозамыг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, 30 жилийн хугацаанд ашиглан, түүний дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ.
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны эл автозамыг байгуулснаар дотоодын дэд бүтэц болоод эдийн засгийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулахаас гадна ОХУ болон БНХАУ-ын хооронд дамжин өнгөрөх транзит тээврийн эргэлт манай улсаар дамжих бололцоо бүрдэх юм.
Төслийн барилгын ажилд ойролцоогоор 5500-7000 инженер, техникийн ажилчид шаардлагатай ба хурдны автозамыг дагаад тээвэр ложистикийн болон бусад үйлдвэр, үйлчилгээний шинэ төвүүд бий болно. Хурдны автозамаар зорчих дотоодын тээврийн хэрэгслийн зам ашигласны төлбөрийг холбогдох хууль тогтоомж, төслийн эдийн засгийн хувьд үр ашигтай байх зарчмуудыг үндэслэн авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөж тогтоохоор тус гэрээнд тусгасан байна.